Өнөөдөр цаг агаар +31. Хаврын улирал халаагаа өгч, зуны аагим халуун өдрүүдийн эхлэл ийнхүү тавигдлаа. Гэвч улс төрийн халуун, цаг агаарын халуунтай давхцаж, намуудын дэмжигчдийн идэвхи ч эрс нэмэгдэж, жагсаал цуглаан хийх хүсэлт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийнхнийг бүчиж байгаа гэх. Мэдээж хамгийн идэвхтэй байгаа нь МАХН. Намын даргаа Ерөнхийлөгчид сойсон цагаас эхлэн зохион байгуулсан тэдний цуглааныг голдуу ахмадууд хийж байгаа нь МАХН-д тэд ямар өртэй юм бол гэх бодол төрүүлэх. Аяга цайгаа тухтайхан ууж, ач зээ нараа тойруулан суух цаг заваараа бохир улс төрийн тоглоом болж, бороохой барьсан цагдаа нар руу дайрч байгааг үр хүүхдүүд нь мэдэж байгаа болов уу.
МАХН бол харахад жижиг ч гэсэн хазахад багагүй хөнөөлтэй нам. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар яг л ийм үйл явдал өрнөж, Ардчилсан намтай нууцаар тохироо хийж, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг санал хуваах зорилгоор оруулж, шагналд нь Н.Энхбаяр өршөөлийн хуульд хамрагдсан гэх. Амжилт гаргаж яваа бөхөд өөрийн гэсэн дархан мэх байдаг бол МАХН-д бас ийм дархан мэх байна. Тэр нь өнгөрсөн болоод өнөө үед болж буй үйл явц. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэж зүтгэнэ. Болохгүй бол хэдэн ахмадуудаар өлсгөлөн зарлуулна. Бүр тулаад ирвэл аль нэг намтай нь нууцаар тохироо хийж, улс төрийн бялуунаас ямар нэгэн хэмжээгээр хүртэнэ. Эрх баригчид хаана, ямар ч тохиолдолд гарамгай хийдэг МАХН-ын энэ улс төрийг харсаар, мэдсээр байж зогсоож чадахгүй байгаа нь энэ мэхэндээ хэр төгсөрснийг харуулах мэт.
Төлөвлөгөө ёсоор МАХН одоо хэн нэгнийг нэр дэвшүүлнэ. Харин Н.Энхбаярыг хэн залгамжлах вэ гэдэг асуултад өнөөдөр тэд хариулах нь. Одоогоор мэдэгдэж байгаагаар Н.Энхбаярыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар залгамжлаж магадгүй. С.Ганбаатар. Н.Энхбаяр хоёрын үерхэл нэлээд эртнээс эхлэлтэй. Өөрөөр хэлбэл С.Ганбаатарыг улс төрд хөтөлж оруулсан хүн нь Н.Энхбаяр.
С.Ганбаатар. Н.Энхбаяр хоёрын үерхэл нэлээд эртнээс эхлэлтэй. Өөрөөр хэлбэл С.Ганбаатарыг улс төрд хөтөлж оруулсан хүн нь Н.Энхбаяр.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад С.Ганбаатар түүний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаараа “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй” хэмээн ярьсан удаатай. Түүнчлэн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос зохион байгуулдаг “Алтан сарнай 2012” наадмын шилдгийн шилдгээр С.Ганбаатарыг тодруулсан нь энэ талд хичнээн байр суурь хүчтэйг илтгэнэ. Гэвч тэрбээр МАХН-ыг сонгож, “МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. Миний хувьд гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна” хэмээн ярьж сууна. Тэгэхээр түүнд боломж бий.
С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн
Харин нөгөө тал МАХН-ын ууган гишүүн, туршлагатай хуульч дипломатууд байна. Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж, намынхандаа албан бичиг илгээжээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйлгүй. Бэлэн" гэх утгатай албан бичгийг илгээсэн бол МАХН-ын УИХ дахь ганц “Хүү” Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунийг санал болгоод байгаа.
О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа "МАХН өөрийн гэсэн дүрэмтэй. Улс төрийн намын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Гэхдээ ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хувилбар бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунтай олон удаа уулзаж, ярилцсан. Тэр эцсийн хариугаа хэлээгүй байна. Гэхдээ бас татгалзаагүй" хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч түүний энэ мэдэгдлийг МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гишүүнийхээ үгийг эрс үгүйсгэсэн. Өнөөдөр МАХН-ын Бага чуулган болно. Энэ чуулганаар хэнийг нэр дэвшүүлэхээ эцэн шийдвэрлэх бизээ.
24tsag.mn Б.Өрнөх
Сэтгэгдэл (45)