УИХ дахь АН-ын бүлгийн хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос бүлгийн гишүүд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Сүхбаатар аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлынталаар Төрийн албаны зөвлөлийн зүгээс авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсчээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн хэлж буйгаар “Сүхбаатар аймагт үнэхээр хууль зөрчсөн зүйл болсон. Төрийн албаны зөвлөлөөс байр сууриа албан тоотоор хатуу илэрхийлсэн. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар ИТХ-ын гишүүн буюу улстөрийн албан тушаал хашиж байгаа хүн төрийн Захиргааны алба давхар хаших хууль эрх зүйн ямар ч боломж байхгүй.
Тиймээс Сүхбаатар аймагт хууль бусаар төрийн албанд ажиллаж байгаа гурван хүнийг ИТХ-даа, эсвэл төрийн захиргааны ажлыг нь хийлгэ” гэсэн шаардлага хүргүүлсэн. Харин аймгийн Засаг даргаас нь Төрийн албаны зөвлөлд хариу бичиг ирүүлсэн. Хариу бичигт “УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор тун удахгүй Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орох гэж байна. Тиймээс тэр болтол энэ байдлаараа ажиллаж байх болно” гэсэн батлагдаагүй байгаа хуулийн төсөлтэй холбон, одоо мөрдөгдөж буй хуульд нийцээгүй албан тоот ирүүлсэн байгаа гэсэн хариултыг өгсөн байна.
Түүнчлэн сүүлийн үед төрийн албанаас 22365 хүн халагдсан. Үүнээс 3000 гаруй хүн тэтгэвэрт гарсан тухай Төрийн Албаны Зөвлөлийн дарга мөн энэ үеэр мэдээлэл өгчээ. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцэж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр төрийн албаны тогтвортой байдлыг анхаарч үзэх хэрэгтэй байгаа талаар мөн ярилцлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс төрийн албыг арилжааны хэрэгсэл болгож буй талаар ярилцсан “60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг Төрийн Албаны Зөвлөлд даалгалаа.
Сэтгэгдэл (1)