УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.15/ ээлжит хурлаа хийж, МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар хэлэлцлээ.
Тус хуулиудын төсөлтэй холбоотойгоор Бүлгийн гишүүдэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн Газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзлээ.
Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/ шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл, төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэлээ.
Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ лхагва гараг буюу 2017.05.17-ны өдөр Төрийн Албаны зөвлөл болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодын оролцоотойгоор тус хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болсон байна.