УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Уг хуулийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирлаа гэж үзэж байна” гээд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна гэв. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл.
Мөн "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ” гэдэг заалт шинээр батлагдсан нь маш ноцтой. Монгол Улсын төрийн нууцыг задруулсан бол найман жилийн л ял авах юм байна. Ийм л аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна. Тиймээс өнөөдөр Тагнуулийн Ерөнхий газрын даргатай уулзаж энэ талаар анхаарахыг сануулсан бөгөөд үе, үеийн Тагнуулын дарга нар анхаарлаа хандуулж уг хуулийг хэрэгжихээс өмнө өөрчлөлт оруулах ёстой" гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр “Хувийн сургууль төгссөн Х.Нямбаатар гээд хүүхэд ажлын хэсэг ахалсан нэртэйгээр Эрүүгийн хуульд янз бүрийн заалт оруулж байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд хэрүүл хийж байх хооронд чинь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаа юм биш үү, үүнийг эсэргүүцсэн хүнийг хэн ч биш болгодог, ганцаардуулах гэсэн технологи руу оруулж ирж байна” хэмээлээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (8)