Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлээгүй байна. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хуулийн заалттай.
Үүн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулж, эхний шалгууруудаа давсан. Тодруулбал нэр дэвшигчдийн хувьд нэлээд олон төрлийн бичиг баримт бүрдүүлж өгнө. Үүний нэг нь Эрүүл мэнд дүгнэлт гаргуулсан байх ёстой. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас ажлын ажлын хэсэг ажиллаж, нэр дэвшигчдийн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-д гардуулж өгөөд байна. СЕХ нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа аж.
Хуулиараа нэр дэвшигчид холбогдох бичиг баримтуудаа СЕХ-нд тавдугаар сарын 11-ний дотор ирүүлэх ёстой. Нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг нягталж дуусаад, тавдугаар сарын 14-ний дотор СЕХ бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргана. Улмаар СЕХ нэр дэвшигчийг бүртгэсэн эсэх шийдвэрээ тавдугаар сарын 17-ны дотор нийтэд мэдээлж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг тавдугаар сарын 27-нд нэр дэвшиж байгаа бүх субъектүүдэд нэгэн зэрэг гардуулан өгнө.