Ардчилсан намын Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байсан Х.Баттулгыг батламжлав. Энэ үеэр түүнтэй хамт нийт гишүүдийн санал асуулгад өрсөлдсөн Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав болон намын дарга С.Эрдэнэ нар нэр дэвшигчид хандаж амжилт хүсч, үг хэлсэн юм. Мөн намын нөхдийн итгэлийг хүлээж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн Х.Баттулга намынхандаа хандаж үг хэлсэн. Ингээд АН-ын Их хурлын индрээс тэдний хэлсэн үгийг хүргэж байна.
УИX-ын гишүүн асан Р.Амаржаргал: “Би Ренчиннямын Амаржаргал гэдэг нэрийг өөрөөсөө харамлаж 27 жил явж ирсэн. Тийм ч учраас АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд өрсөлдсөн. Энэ өрсөлдөөнд надад өгсөн намынхаа гишүүдийн саналд сэтгэл маш их хангалуун байгаа. Намд хэрэгтэй гэвэл би тэнд зогсож л байна. Үүнд эргэлзэх хэрэггүй. 2000 онд АН-ыг би өврийнхөө гараар байгуулж байлаа. Тухайн үед миний удирдаж байсан Үндэсний ардчилсан нам АН-ыг үүсгэн байгуулахад манлайлан оролцож одоогийн АН-ын үндэс суурийг тавьж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн томоохон сорилтод АН-ыг төлөөлөн нэр дэвшиж буй Х.Баттулгадаа амжилт гаргаж, ялалт байгуулахыг хүсэн ерөөе.
Х.Баттулга: Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.
УИX-ын гишүүн асан Д.Дорлигжав: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин нам доторх өрсөлдөөнд намайг дэмжсэн журмын нөхөд, намын гишүүддээ талархаж байгаагаа илэрхийлж байна. АН өрсөлдөөнийг сонгосон. Зөв талаас нь харвал эрүүл өрсөлдөөн, буруу талаас нь мушгивал хагарал. Одоо бид ялах ёстой. Ялах ёстой гэдэг нь монголчуудыг нэгийгээ ялах биш түүхийн эгзэгтэй цаг үед сонгогдох Ерөнхийлөгч түүхэн эргэлт хийх ёстой гэж хардаг. Энэ түүхэн эргэлтийг АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга хийх ёстой. Х.Баттулга бүх чадлаа дайчлан өрсөлдөх нь гарцаагүй. Харин намын бүх шатанд сонгуулийн зохион байгуулалтаа зөв хийж, ялалтанд хүргэх нь чухал байна. Үүнд онцгой анхаарах учиртай. Ялангуяа АН-ын даргад, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн нөхдүүд маань нэг баг болж, нэг хүсэл зорилготой оролцох нь чухал.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: АН бараг сарын хугацаанд нам дотроо сунгаа явууллаа. Амжилттай шийдэж чадлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулж чадлаа. Х.Баттулгыгаа гаргаж чадлаа. АН алдсан алдаан дээрээ суралцах ёстой. Олон ялалтын дараахь ялагдалдаа дүн шинжилгээ хийх ёстой. Хэрэгтэй, хэрэггүй үгээ амандаа балгах хэрэгтэй. Тиймээс би жижиг сажиг зүйлээ хаяж, зөвхөн Монголын маргаашийн тухай бодоцгооё гэж уриалмаар байна. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэе. Сэтгэл гаргая, ялалт байгуулъя. Би энэ ялалтыг маш их хүсч байна. Би Х.Баттулгадаа гурван зүйл захиж хэлмээр байна. Монголчууд бид эв эеэ хичээх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн бол ард түмнийгээ хооронд нь ойлголцуулдаг, бөегнүүлдэг, нэг зүг рүү харуулж чаддаг эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой. Үүнд онцгой анхаарал тавиарай. Хоёрдугаарт, эдийн засгийн ямар нэгэн асуудалд бүү шунан, тэмүүлж ороорой. Харин чинээлэг, дундаж давхаргыг яаж бий болгох вэ гэдэг дээр анхаараарай. Эцэст нь монгол ахуй соёлыг хадгалан авч үлдэхэд онцгой анхаараарай гэж захимаар байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дотоод өрсөлдөөнд нэр дэвшсэн нөхөд маань АН-ын шинэчлэл, Монголын улс төрийн шинэчлэлийн эхлэлийг тавьж, үүд хаалгыг нээхийн төлөө хичээсэн юм. Тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын төлөө хувь нэмрээ оруулсан гэж харж байгаа. Бид 2016 онд УИХ, орон нутгийн сонгуульд төсөөлж байгаагүй ялагдал хүлээсэн. Гэхдээ АН тэмцэж, босч, алдаагаа засч чаддаг нам гэдгээ харуулж богино хугацаанд шинэчлэл хийлээ. Монголын Улс төрийн намын түүхэнд анх удаа бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох хариуцлагатай ажлын ард амжилттай гарлаа.
Би 21 аймгийн гишүүдтэйгээ уулзахдаа нэг л зүйлийг хэлж байсан. “АН гишүүдийнхээ саналыг сонсч, улс төрийн шийдвэр гаргадаг бодлогын нам байх ёстой” гэж. Бид эвтэй, хүчтэй, зангидсан гар шиг нэг цул улс төрийн хүчин гэдгээ баталж харуулж байна. Намынхаа гишүүдийн дэмжлэгийг авч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өрсөлдөх эрхээ авсан Халтмаагийн Баттулгадаа дайчин зоригтой өрсөлдөгч байгаарай гэж хэлье. Х.Баттулга ялагч байж чадна” гэв.
Харин үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх эрхээ өвөртөлсөн Х.Баттулга их хурлын гишүүддээ хандаж үг хэлэв.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцон, надад итгэл үзүүлсэн журмын нөхөддөө талархлаа илэрхийлье. Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм. Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна. Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа.
Би журмын нөхөдтэйгээ хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр-Тав дахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно. Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзлэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно. Үе үеийн эх орончид “...төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая” гэсэн юм.
Б.Энхжин
Сэтгэгдэл (25)