Ардчилсан намын наймдугаар их хурал “Корпорэйт” зочид буудалд болж байгаа билээ. Ардчилсан намд нийт 180 мянган гишүүн бүртгэлтэй. Үүнээс Монгол Улсын өнцөг булан бүрээс нийт 1206 гишүүн оролцож байгаа юм.
Хуралдаанаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах юм. Тус намын дотоод сонгуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг авахын тулд Л.Болд, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдснөөс Х.Баттулга онооны илүүтэйгээр сонгогдоод байгаа юм. Тиймээс наймдугаар Их хуралд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах юм.
Гэвч АН-ынхан дунд Х.Баттулгыг зайлуулах арга сэдсэн хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Хэрвээ нэр дэвшигч Х.Баттулга наймдугаар Их хурлын гишүүдээс 50+1 хувийн санал авч чадахгүй бол Р.Амаржаргалын асуудал яригдаж болох талтай аж. Энэ талаар Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч ярьсан. “Их хурлын гишүүдийн дунд нэр дэвшигчээр нууц санал хураалт явуулна. Унасан тохиолдолд асуудлаа үргэлжүүлээд хэлэлцээд явна. Их хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой” гэдгийг өнгөрсөн лхагва гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “АН аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Х.Баттулгыг өнөөдөр АН ын ҮБХ дээр унагах хор найрагдаж байна. Монголын язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын эсрэг бүлэглэл сүүлчийн сумаа тавьж байна. АН ын гишүүд анхаараасай!!! Та бүхэн шейрлэж монголын ард түмний нүд чихэнд хүргэж өгнө үү” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Мөн твиттерээр Р.Амаржаргалын турхирлын үгнүүд явж байгааг Х.Баттулга онцлон жиргэсэн байна.
Сэтгэгдэл (46)