Сүхбаатар аймгийн иргэд Монгол улсын Үнсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй, сонголтоо баталгаажуулж чадахгүй жилийн нүүрийг үзэж байна. Тиймээс өнөөдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын 100 гаруй гишүүд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нийслэл хотод иржээ. Тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсан ч зөвшөөрөөгүй тул Хөрөнгийн биржийн өмнөх зогсоолд 20 гаруй приус машинаа жагсаалаа.
Тэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт ханджээ. Учир нь орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан ч МАН хууль бусаар засгийн эрхийг нь гартаа авчихаад байгаа аж. Тодруулбал, тус аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, Ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой, АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа аж. Өрсөлдөгчийн зүгээс П.Мөнхжаргалын талаар гомдол гаргасан ч аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж ойлголцолд хүрлээ гэсэн ч өнөөдрийг хүртэл Ардчилсан намын талд асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Тиймээс АН-ын залуус Улаанбаатар хотод жагсаал хийхээр ирээд байгаа нь энэ. Сүхбаатар дүүргийн цагдаа нар тэдний жагсаал, цуглааныг хориглож, Сүхбаатарын талбай руу нэвтрүүлэхгүй байна. Тиймээс АН-ын гишүүд Төрийн ордныг машинаараа тойрч, дуу хоолойгоо иргэдэд хүргэх тэмцлийн замыг сонгож байна гэлээ. Тэднийг дэмжиж УИХ-ын гишүүн Л.Болд ирж уулзсан юм. Тэрбээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу. Ард түмэн гайхаж байгаа. Учир нь Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай хагас жил болчихлоо. Энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөөд явах юм бол Монгол Улсын ардчиллын үндсийн үндэс өөрөө доргиж байна. Та бүхэн энэ асуудлыг өнөөдөр нэг сонсоод, үнэн мөнийг тогтоогоод, яриа хэлэлцээр хийгээд, ирчихсэн байгаа иргэдийг нэг тайвшруулаад өг. Сүхбаатар аймгийг нэг хууль ёсны Засаг даргатай болгоод өгөөч” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Д.Хосбаяр: Сүхбаатар аймагт улс төрийн хямрал үүсээд бүтэн нэг жил боллоо
Сүхбаатар аймгийн АН-ын бүлгийн дарга Д.Хосбаяраас байр суурийг нь сонслоо.
- Хэрвээ та бүхний тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ?
- Сүхбаатар аймагт улс төрийн хямрал үүсээд бүтэн нэг жил болж байна. Ард түмний сонголт баталгаажихгүй байна. Бид энэ талаар өнгөрсөн хугацаанд УИХ болон Засгийн газарт хандаж, энэ байдлаа засч залруулахыг удаа дараа илэрхийлсэн ч өнөөдрийг хүрлээ. Бид жагслаа, суулт хийлээ. Аргагүй нь эрхэнд Улаанбаатарыг зорьж ирээд байна. Үүний хүчинд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай 16 цагт уулзахаар болсон. Гэхдээ биднийг олон удаа хуурсан. Хэрвээ энэ асуудал нааштайгаар шийдэгдэж чадахгүй бол Улаанбаатараас явахгүй.
- Сүхбаатар аймгийн иргэд энэ талаар ямар санал бодолтой байна?
- Өнөөдөр Сүхбаатар аймагт Ардчилсан улсад амьдарч байгаа гэдэгтээ эргэлзэж эхэлсэн маш олон иргэд байна. Ардчиллын мөн чанар нь олонх болсон нам Засгаа бариад, бодлогоо хэрэгжүүлэх байдаг. Үүнийг Монгол Улс Үндсэн хуульдаа хүртэл заагаад өгчихсөн. Гэтэл энэ зарчим алдагдчихлаа. Цөөнхөөрөө хуралдаж хууль бус Засаг дарга томилж байна. Хурлаа 48 хувийн ирцтэйгээр хуралдуулж, шийдвэр гаргаж байна. Ардын нам УИХ, Засаг газарт үнэмлэхүй олонхоороо түрүү барьж, далимдуулсаар Сүхбаатарчуудын сонголт өнөөг хүртэл шийдэгдэхгүй байна. Тиймээс бид тэмцсээр байх болно гэлээ.
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга, БГД-ийн намын дарга С.Одонтуяа тус аймгийн намын гишүүдтэйгээ ирж, Сүхбаатар аймгийн Ардчилсан намынхны хийж буй жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (16)