Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр МАН-д албан тушаалын бужигнаан дахин өрнөж, эхэлжээ. Тус намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх болсноор ийнхүү албан тушаалын бужигнаан эхэлсэн байна. Тодруулбал тус намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага хуралдаа оруулж ирсэн бөгөөд нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулсан юм. Бага хурлын 259 гишүүний 85.7 хувь нь УИХ-ын дарга М.Энхболдод санал өгсөн учир тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон билээ.
Тохироо хэдийнэ хийгдсэн учир нууц санал хураалтаас М.Энхболд 222 хүний санал, Ц.Нямдорж 37 хүний санал авсан байна.
Харин энэ бүхэн нь хэдийнэ яригдсан намын тохироо байсан гэх бор шувуу шаргал ордноор нисэх болов. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, харин түүний суудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “өвлөж” авах тохироо явагдсан бололтой.
МАН УИХ-ын дарга М.Энхболдын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр СЕХ-нд өгснөөр тэрбээр намын болон улс төрийн сонгуульт албан тушаалаа хүлээлгэн өгөх учиртай. Хуульд зааснаар төрийн албан тушаалаас заавал татгалзах бол намын буюу улс төрийн албан тушаалаас татгалзах эсэх нь түүний өөрийн шийдэх асуудал байдаг.
Тиймээс ч дээрх тохироог М.Энхболд, Ц.Нямдорж нар хийсэн гэх. Хэрэв энэ тохироо хийгдээгүй бол МАН-ын Бага хурлаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нууц санал хураалтаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж дээгүүрт давхих байсан гэдгийг хэлэх хүн олон байна. Гэсэн ч тохироо хэдийнэ хийгдсэн учир нууц санал хураалтаас М.Энхболд 222 хүний санал, Ц.Нямдорж 37 хүний санал авсан байна.
Үүний бас нэгэн нотолгоо нь санал хураалтын дараа Ц.Нямдоржийн хэлсэн үг байв. Тэрбээр энэ үеэр “Ерөнхийдөө ийм дүн гарна гэж би төсөөлж байсан. Надад цочирдох зүйл алга. М.Энхболд даргад төрийн тэргүүн болох ерөөл өргөе. Намайг дэмждэг хүмүүст хэлэхэд, Нямдорж явж байна гэж бодож, М.Энхболдыг дэмжээрэй гэж хэлмээр байна" хэмээгээд түүнийг ахын ёсоор тэвэрч, духан дээр нь үнсээд амжилт хүссэн явдал юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж албан тушаал ахиж, УИХ-ын дарга болвол түүний суудал мөн эзгүйрэх болно. Тэгвэл УИХ-ын дэд даргын суудалд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд очно гэх чимээ ч дуулдаж байна. Цагтаа намын дарга байсан түүнийг УИХ-ын дэд даргад тухлахад татгалзах хүн олон гарахгүй нь лавтай.
Харин шаргал ордноор нисэх энэ бүх бор шувуу нь хэр үнэн жиргэж байгаа нь хэдхэн хоногийн дараа олон нийтэд ил болох буй за.
Б.Энхжин
Сэтгэгдэл (57)