Энэ оны төсвийг тодотгохтой хамт УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтад хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулахаар заасан нь хөтөлбөрийг хойшлуулахад хүргэсэн юм. Энэ нь “Рио Тинто” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдад таалагдаагүй учраас ОУВС-д шахалт үзүүлж, дээрх заалтыг өөрчлөх шаардлага тавьж байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудалтай холбоотойгоор тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Завсарлага авах болсон талаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сангийн сайдын оруулж ирсэн, Төсвийн байнгын хороонд өгсөн албан тоот, УИХ-ын, чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж оруулж ирсэн. Дэгийн тухай хуулийн 36.1 бол зохион байгуулалтын шинжтэй асуудал биш. Энэ тогтоолоор заахдаа үүргийг Ж.Эрдэнэбат сайдад өгсөн. Харин Сангийн сайдад өгөөгүй. Сангийн сайд албан бичгээр монголын эдийн засаг, санхүүгийн асуудалтай энэ чухал 11 дүгээр заалтыг УИХ-д оруулж ирэх эрх байхгүй. Тиймээс өнөөдөр Сангийн сайдыг бид нар хууль зөрчиж хариуцлаггүй үйлдэл хийлээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, энэ тогтоолын 11 дүгээр заалт бол гадаадын хөрөнгө оруулалттай энэ том төслүүдийг гаргаж байгаа баяжмалын мөнгийг Монголдоо оруулж ирж, валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт байсан. Энэ нь зохион байгуулалтын асуудал биш. Энэ Монголын эдийн засаг, санхүүгийн цаашдын хувь заяатай холбоотой асуудал. Энгийн үгээр хэлэх юм бол бид түүхий эдээ гадныханд үнэ төлбөргүй өгчихөөд, буцаагаад гаднаас зээл ав гэсэн тулгалтыг Монголын улс зөвшөөрөх гэдэг саналыг оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Энэ бол маш ноцтой асуудал. Хоёр ч заалт зөрчигдөж байна. Гуравдугаарт, хэрвээ энэ заалтыг хасах юм бол монголын эдийн засаг, импортын хэрэглээ, валютын тогтворгүй байдал бүр хүндрэх болно. Гадагшаа гаргаж байгаа баяжмалынхаа мөнгийг авч чадахгүй улс орон валютын хомсдолд үргэлж орно. Тиймээс бид зайлшгүй анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас юу тулгаад байна гэхээр “Та нар түүхий эдээ л зар. Бусад нь болохгүй ээ” гэсэн гадны хараат байдал руу бид шууд яваад орох гэж байгаа юм. Тиймээс Сангийн сайдыг дэндүү хайнга юм хийлээ гэж харж байна. Энэ зохион байгуулалттай асуудал биш. ОУВС-ын гурван жилд хэрэгжих хөтөлбөрийн зээл авах асуудал биш. Харин цаашдаа Монгол улсад түүхий эдээ гадагшаа үнэ төлбөргүй өгөөд, дандаа зээлээр амьдрах уу гэдгийг хариулт юм. Тиймээс их хурлын гишүүд үүнийг зөв ойлгоорой. Энэ асуудалтай холбогдуулаад энэ заалтыг эргэж хараад, хуулийн дагуу болгох ёстой гэдэг үндэслэлээр энэ асуудлаар тав хоногийн завсарлага авна” гэлээ. Харин Чуулганы хуралдааны даргалагч УИХ”ын дэд дарга Ц.Нямдорж уг асуудлаар 30 минутын завсарлага өгөв.
Чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна.
Сэтгэгдэл (1)