УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх эсэх асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналтай байна. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг хуулийн ажлын хэсэгтэй хамтраад өчигдөр мэргэжилтэн судлаач нарын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл нь хүний эрх, хүний аюулгүй байдалтай холбоотой нэлээд хэдэн заалтуудыг эргэж харах зайшгүй шаардлагатай байна. Хэлэлцүүлгийн үеэр маш олон чухал саналууд гарч ирсэн. Тухайлбал, хэргийг шүүх хурлаар нотлогдоогүй бол хэрэгсэхгүй болгон цагаатгах тухай зарчмыг оруулах, цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх, хүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа хийдэг тогтолцоог халах гэх мэт олон зөв санал гарсан.
Хамгийн гол нь энэ хуулийг ажлын хэсэгтэйгээ хамтраад, гаргасан эдгээр саналуудыг тусгаад дараагийн удаа хурлаар оруулахдаа энэ хуулийг нэлээд цэгцтэй болгомоор байна. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хасч өгөөч гэсэн саналтай байна” гэлээ.