УИХ-д суудалтай Ардчилсан нам, Монгол Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа.
Өчигдөр МАН-ын бага хурал болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжиллаа. Тус намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага хуралдаа оруулж ирсэн бөгөөд нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулсан юм. Бага хурлын 259 гишүүний 85.7 хувь нь УИХ-ын дарга М.Энхболдод санал өгсөн учир тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов.
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга өчигдөр явагдаж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намын дотоод сунгаанд зургаан нэр дэвшигч өрсөлдсөнөөс намын гишүүдийн дунд орон даяар зохион байгуулсан санал хураалтад Х.Баттулга хамгийн олон санал буюу 2498 санал авч ялалт байгуулсан байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг төлөөлж нэр дэвшихээр Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдсөн юм.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах учиртай.
Харин сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсний дараа ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ний дотор нийтэд мэдээлэх бөгөөд нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох юм байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (46)