МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн билээ.
Харин түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэх мэдээлэл гараад байсан. Тиймээс ч Н.Энхбаярын өмгөөлөгч н.Дуламжав нь түүнийг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 20-ний өдөр ирүүлээд байсан юм.
Тэгвэл шүүх уг асуудалд татгалзсан хариу өгчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарын гаргасан 2017 оны 05 дугаар 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай түүний өмгөөлөгч Ш.Дуламжавын гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзэн Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (24)