УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ОУВС-гийн Захирлуудын зөвлөл "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах Монгол Улсын хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулсантай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Ийн хойшлуулсан шалтгаан нь төсвийн тодотгол хэлэлцэн баталсны дараа гарсан УИХ-ын тогтоолын төслийн 11 дүгээр заалттай холбогдуулан "Рио Тинто" компани ОУВС-д гомдол гаргасантай холбоотой аж. Тус заалтад "гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх" гэжээ. Энэхүү заалт нь хөрөнгө оруулагчдын борлуулалтын орлогыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкаар дамжуулж, валютын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл, "Рио Тинто"-той хамааруулбал, Оюутолгойн борлуулалтын шууд гадагш гарч буй орлого Монголоор дамжина гэсэн заалт юм.
МАН-ын бүлгийн хувьд яг энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт хуралдаж, дээрх заалтыг өөрчлөхгүй гэсэн шийдэлд хүрээд байсан юм. Харин өнөөдрийн хуралдаанаараа энэ байр сууриа сольжээ. Өөрөөр хэлбэл, дээрх тогтоолын төслийн заалтыг эргэн харж, өөрчлөхөөр болсон байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-МАН-ын бүлэг өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хуралдсан. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Өчигдрөөс хойш энэ асуудлаар бүлэг хуралдаж, ярилцлаа. Бүлгийн гишүүд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Монгол Улс цааш явах боломжгүй гэдэг дээр санал нийлсэн. Тийм учраас ОУВС-гийн холбогдох хүмүүстэй дахин уулзаж, төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын тогтоолын төслийн маргаантай байгаа заалтыг дахин эргэж харахаар боллоо. Үндсэндээ ОУВС-гийн хөтөлбөрт орохоор нэг мөр шийдэж, улс төрийн шийдвэр гаргасан гэж ойлгож болно.
-Тус заалтын хувьд борлуулалтын орлогыг Монголын банкаар 100 хувь биш юм аа гэхэд тодорхой хувийг Монголын банкаар дамжуулах яриа байгаа юу. Энэ асуудлыг яг яаж шийдэх гэж байгаа юм бэ?
-Өчигдөр орой ОУВС-гийн холбогдох хүмүүс, "Рио Тинто"-гийн хүмүүс, бусад банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа тодорхой хэсгийг Монголоор дамжуулах чиглэлээр яриа, хэлэлцээ хийж болно гэсэн. Гэхдээ эхний ээлжинд бид хөтөлбөрт хамрагдах ёстой. Түүний дараа хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого зэргийг Монголоор дамжуулах тухай асуудлаар цаашид яриа, хэлэлцээ хийгээд явна.
-Тэгэхээр УИХ-ын тогтоолын төслийг буцааж татна гэсэн үг үү?
-Тогтоолын төслийг буцааж татахгүй. Ямар өөрчлөлт хийж болох вэ гэдэг дээр холбогдох Байнгын хороогоор ярьж, шийдвэр гаргана.
-"Рио Тинто" гэдэг компани Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гаас том зүйл мэтээр олон нийтэд төсөөлөгдөөд байна. Нэг компанийн тавьсан гомдлоос болж ихээхэн донсолгоо үүсч байгаа шүү дээ?
-ОУВС-гийн төлөөлөгчтэй уулзсан. Түүний хэлснээр ОУВС нэг компанийн шахалтаар ажиллаагүй. Харин хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөх вий, мөн банк санхүүгийн байгууллагыг цэвэршүүлэх чиглэлд ажиллах цаг хугацаа хэрэгтэй байгаа. Тэр үүднээсээ УИХ-ын тогтоолын төслийн тус заалтыг дахин харах шаардлагатай гэж үзсэн гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-Одоо ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ?
-Тавдугаар сарын 21, 22-нд хуралдах мэдээлэл байна. Түүнээс өмнө ч Монгол Улсын асуудлыг авч хэлэлцэж магадгүй.
Сэтгэгдэл (8)