Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад оролцох болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр санал асуулгад оролцогчид өнөөдөр тус намын байранд бүртгүүлж, үнэмлэхээ авсан юм.
Р.Амаржаргал “Өнгөрсөн хугацаанд би УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан. Үүнийг миний гардан байгуулсан Ардчилсан намаас надад хүлээлгэсэн үүрэг, итгэл, үзэл санаандаа үнэнч намын мянга мянган гишүүний нөр их зүтгэлийг үүрэг гэж ойлгодог.
Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн. Миний хийсэн ажил энгийн атлаа бүтэн нэртэй, замнал минь намын эгэл жирийн нөхдийнхөө нүүрийг улалзуулж байгаагүй гэдэгт би бүрэн итгэдэг” гэдгээ мэдэгдлийнхээ өмнө онцлон тэмдэглэв.
Тэрбээр мөн “Бид түүхэн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий. Учир нь бидэнд эцэг өвгөдийн үлдээсэн, зарим улсад хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, хөдөлмөрч ард түмэн байгаа. Хамгийн гол нь Монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна.
Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага гэж ойлгодог. Хариуцлага нэхсэх асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн Монгол ухаан үгүйлэгдэж байгаа юм” гэв.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (4)