АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнэболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн хурал дээр яригдсан концесс нэлээн асуудал дагуулж байгаа юм. Учир нь Засгийн газрын сайд нар нууцаар долоон концесс оруулж ирээд, өөрсдийн компанидаа авсан байх магадлалтайг бүлгийн гишүүд нь шүүмжилж байсан.
АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд: Өнөөдөр Монгол түүхэнд хараар тэмдэглэгдэх өдөр болж байна. Эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхарга болсон дундаж орлоготой иргэдийнхээ амжиргаанд ноцтой халдлаа гэж АН үзэж байна. Төсвийн тодотголоор архи, тамхи, бинзен, дизель, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс гадна хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлэх, хадгаламжийн хүү, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон.
ОУВС дөрөвдүгээр сарын 28-нд Монголын нөхцөл байдлын талаар ярилцах ёстой байсан. Гэвч ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа. Сангийн сайдын зүгээс “ОУВС татвар нэм гэж шаардлага тавьж байгаа. Тиймээс ямар ч аргагүй” гэдэг тайлбарыг өгсөн. Гэтэл ОУВС-гийн төлөөллийн зүгээс ямар зардлаа танах нь Засгийн газрын шийдэх асуудал гэж сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Жилд дунджаар 36 мянган машин зарагддаг. Үүний 80-85 хувь “Приус” машин байдаг. Гэтэл “Приус” машины татварыг 5 сая төгрөгөөр, "hybret" хөдөлгүүртэй суудлын машины татварыг 5,8 сая төгрөгөөр, "harier" 6.6 сая төгрөгөөр нэмэгдэнэ.
Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр Ардын нам дундаж давхрагаа ядууруулах бодлого барьж байна. Ардын намынхан дэд сайдуудаа цөөлөөгүй, улсын өмчит үйлдвэрийн газрынхан нь хэдэн сая төгрөгөөр тансаглаж байна. Тэд бүсээ чангалаагүй. Гэтэл ард түмний нуруун дээр ачаа ирж байна. Энэ бол Ардын намын санаатай алдаа.Тиймээс М.Энхболд болон МАН-д хандаж бодлогоо засах шаардлагыг тавьж байна гэв.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: Долоон концессийн нийт хэмжээ 744 тэрбум 90 сая төгрөг байна. Сайд Н.Номтойбаярын Монголын Алт компани 78 тэрбум 752 сая төгрөгийн концессын гэрээ хийхэд бэлэн болоод байна. Мөн С.Бямбацогт сайд 77 тэрбум 695 сая төгрөгийн концессыг авсан байна. Ж.Мөнхбат сайд Өмнөговь аймгийн төвийн нийслэлтэй холбосон концесс бол минийх юм гэж ил цагаандаа зарласан байна. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрынхан өөрсдөө хулгай хийж байна. Үнэхээр шударга шүүх, шударга хууль гэж байдаг бол МАН-ын дарга М.Энхболд нэр дэвших эрхээ өчигдөр гарсан нэвтрүүлгээр хасууллаа гэж дүгнэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй, хуулиараа сонгуулийн санал авах өдрөөс 21 хоногийн өмнө эхлэх ёстой. Гэтэл МАН-ын дарга М.Энхболд “Бүрэн зураглал” нэвтрүүлгийг 10 гаруй телевизээр дамжуулж, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан сонгуулийн сурталчилгаа хийж байна хэмээн шүүмжилсэн юм. “Хуулийг уландаа гишгэж, сурталчилгааг эхлүүлж болохгүй. Ардчилсан нам энэ асуудлаар СЕХ-нд хандана хэмээн мэдээлэв.
Б.Энхжин
Сэтгэгдэл (9)