Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тэрбээр энэ үеэр "Монгол Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс болох ёстой” гэж мэдэгдсэн байна. Энэ талаар "Манай ардчилсан шинэ Үндсэн хууль үйлчлээд 30-аад жил болж байна. Аливаа улс оронд 30-аад жилийн давтамжтай нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлт явж байдаг. Амьдралын шаардлагаар тэгж гарч ирдэг. Энэ цаг үе нь ч болж байна. УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэллээ. Миний хувьд Монгол Улс ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс болъё, энэ тогтолцоо руу шилжье” гэсэн байр суурьтай байгаа юм. Хуулийн төслийг ч боловсруулсан.
Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогдлоо, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэлийн Засаг дарга нараа томилдог, тэр дарга нь сумын даргаа томилдог, чөлөөлдөг байх удирдлагын босоо тогтолцоог бий болгоё гэсэн үзэл санаагаар төслийг боловсруулсан.
Энэ тохиолдолд намууд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа улс төрийн намуудын нөлөөллөөс ангид болно. Ингэж босоо удирдлагын тогтоолцоо бүрдүүлэхийн ач холбогдол нь боловсон хүчин, удирдах хүчнийг сонгохдоо ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн менежер дарга нарыг томилдог, боломж олгоно. Итгэл дааж ажиллаж чадахгүй хариуцлага алдвал шуурхай халаад явна.
Одоогийн тогтолцоогоор нэг хүнийг чөлөөлөх гэж өчнөөн юм болдог, нэг нам хамгаалаад суудаг, фракц хамгаалаад суудаг гэх мэт зовлон нэлээн байдаг. УИХ-аас боловсруулж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, давхар дээлтэй байхыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулахаар байгаа. Одоо бол Үндсэн хуулийн цэцийн тайлбараар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хавсраад явж байгаа. Гэтэл давхар дээлтэй байж болохоор төсөл боловсруулсан.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн нэлээд олон эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэхээр заасан байна. Хүчтэй Ерөнхий сайдтай болно гэсэн яриаг үндэслэн хийсэн бололтой юм. УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэр хүнд нэмээд эрх мэдэл өгнө гэдэг маань намуудын эрх хэмжээг улам нэмэгдүүлж байна, боловсон хүчнийг улам үймүүлнэ гэсэн үг." гэсэн байна.
Сэтгэгдэл (11)