УИХ-ын хаврын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, хэлсэн ёсоороо батлаж дөнгөв. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ийнхүү гэрлийн хурдаар буюу долоохон хоногийн дотор Төсвийн тодотголыг хийж, гишүүд хүссэн зүйлээ хэрхэн хурдан батлаж болдгийг яруу тодоор харууллаа.
Энэ удаагийн төсвийн тодотголоор хүүхдийн мөнгө хасагдаж, сайд нарын төсөв зузаарсан, иргэдийн халаас руу гар дүрсэн буюу татвар хураамж нэмэгдсэн төсөв орж ирсэн нь иргэдийн нуруу дээр шууд ачаа болно гэдгийг сөрөг хүчин болоод татвар төлөгч, жирийн иргэд хүртэл эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байсан.
Тухайлбал “Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Одоо төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй. Төсвийн тодотголд төр зардлаа 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ зардлыг 2017 оны баталсан төсвийн хэмжээнд барих хэрэгтэй” гэдгийг хэлж байсан.
Харин МҮЭ-ийн боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг “ҮЭ-ийн байгууллага ийм бага хэмжээний цалин авч байгаа хүмүүст төр ингэж ачаалал үрүүлж байгааг хэрхэвч байж болохгүй гэж үзэж байгаа. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлаад, тэмцлийн арга хэмжээнд орно” гэдгээ хүртэл мэдэгдсэн.
Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийг дарга Д.Эрдэнэбат “ОУВС-гийн асуудлаар туйлшраад үгүйсгээд байгаа зүйл огт байхгүй. Би тодорхой хэдэн асуудал дээр юмыг ярьж байгаа. ОУВС-гийн суурин төлөөлөгч өнөөдөр сонин хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. ОУВС-гийн зөвлөл нь 28-ны өдөр хуралдах юм билээ. Тиймээс энд хугацаа шахагдсан зүйл байхгүй. Тэр төлөөлөгч Засгийн газар ОУВС-д оруулах хөтөлбөрөө өөрсдөө боловсруулсан гэж маш ноцтой зүйл хэлсэн байна лээ. Гэтэл өөрсдөө боловсруулсан гэдгийг Б.Чойжилсүрэн сайд “ОУВС ингэж хий, ингэж шаардаад байгаа юм гэх нэрийн доор наад төсөв чинь болохоо болилоо тиймээс эргэж харах хэрэгтэй байна гэдгийг хэлээд байгаа юм. Түүнээс АН юм болгоныг уллаад байгаа юм байхгүй. Энд болохгүй зөрүүтэй зүйл байгаад байна. Тиймээс үүнийгээ ойлголцоод болохгүйгээ засаад болдогийг нь аваад явах хэрэгтэй. Иргэдтэй холбоотой, хүндрэл үүсэж болзошгүй зүйлүүдээ зайлшгүй эргэж харах шаардлагатай байна” гэдгийг мэдэгдсэн ч тусыг эс олж, АН-ынхан хүчгүйдсэн.
МАН-ынхан олонхийн ид хавыг гайхуулж, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гэх хэдхэн үгээр халхавч хийн энэ оны төсвийн тодотголыг батлаж чадлаа. Ингэснээр ирэх тавдугаар сарын 1-нээс гурван төрлийн татвар нэмэгдэхээр болж байгаа юм. Тодруулбал,
Нэгдүгээрт: Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлөөд байгаа юм.
Хоёрдугаарт: Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулна. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Гуравдугаарт: Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүлнэ. Тодруулбал, импортын тамхины 5 хувийн гаалийн албан татвар ирэх сараас 30 хувь болон өсөхөөр хуульчлагдлаа. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.
Тэгвэл энэ удаагийн төсвийг ийнхүү батлаж байгаагийн цаад шалтгаан нь улс орны эдийн засаг хүнд, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэндээ бус МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж энэ удаагийн төсвийн тодотголыг оруулж ирж, баталлаа гэдгийг хэлэх улс төрч олон байгаа юм. Гэвч энэ бүхэн нь МАН олонх болж сонгогдохдоо ард түмэндээ амалсан амлалтаас ухарсан хэд хэдэн заалт орсон нь ч өнөөдөр олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Ямартай ч МАН-ынхан хүслээ биелүүлж, оруулж ирсэн төвсөө батлаж дөнгөлөө.
Б.Энхжин
Сэтгэгдэл (12)