УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан. Тэгвэл дөнгөж сая Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авах горимын санал гаргасан ч УИХ-ын дарга М.Энхболд тав хоногийн завсарлага өгөх боломжгүй хэмээгээд гурван цагийн завсарлага өглөө.
Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Д.Эрдэнэбат дарга нөхцөл байдлыг ойлгож байгаа байх. Төсвийн тодотголыг бид богино хугацаанд шуурхай хийх явдал нь цаашид ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх асуудалтай салшгүй холбоотой. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас гарах хамгийн зөв арга зам бол ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжлүүлж, хандивлагч орнууд, олон улсын байгууллагын дэмжлэг зөвлөгөөг авах, урд өмнө болсон зүйлүүд дээр бодитой үнэлэлт дүгнэлт гаргуулах явдал гэж үзэж, гишүүд олон түмэн ийм байр суурьтай байгаа. Тиймээс тав хоногийн завсарлага өгөх боломжгүй. Та бүхэн Засгийн газар, Төсвийн байнгын хорооноос тодруулах зүйл байгаа бол холбогдох хүмүүсийг бүлэг дээрээ дуудаад асуучих нэг цагийн завсарлага өгье. Тав хоног хүртэл гэдэг дотор нэг цаг багтана шүү дээ” гэв.
Харин үүний хариуд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Нэг цагт энэ асуудлыг шийднэ гэж байхгүй. ОУВС-ийн асуудлаар туйлшраад үгүйсгээд байгаа зүйл огт байхгүй. Би тодорхой хэдэн асуудал дээр юмыг ярьж байгаа. ОУВС-ийн суурин төлөөлөгч өнөөдөр сонин хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. ОУВС-ийн зөвлөл нь 28-ны өдөр хуралдах юм билээ. Тиймээс энд хугацаа шахагдсан зүйл байхгүй. Тэр төлөөлөгч Засгийн газар ОУВС-д оруулах хөтөлбөрөө өөрсдөө боловсруулсан гэж маш ноцтой зүйл хэлсэн байна лээ. Гэтэл өөрсдөө боловсруулсан гэдгийг Б.Чойжилсүрэн сайд “ОУВС ингэж хий, ингэж шаардаад байгаа юм гэх нэрийн доор наад төсөв чинь болохоо болилоо тиймээс эргэж харах хэрэгтэй байна гэдгийг хэлээд байгаа юм. Түүнээс АН юм болгоныг уллаад байгаа юм байхгүй. Энд болохгүй зөрүүтэй зүйл байгаад байна. Тиймээс үүнийгээ ойлголцоод болохгүйгээ засаад болдогийг нь аваад явах хэрэгтэй. Иргэдтэй холбоотой, хүндрэл үүсэж болзошгүй зүйлүүдээ зайлшгүй эргэж харах шаардлагатай байна. Би маргааш ОУВС-ийн суурин төлөөлөгчтэй биечилж хүлээн авч уулзаж, үнэхээр ОУВС ийм тулган шаардалт хийгээд байгаа юм уу эсвэл Засгийн газар та бүхний нэрийг барьж ингэж яриад байгаа юм уу гэдгийг асуух болно. Энэ бол Монгол Улсын хувь заяаны асуудал. Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хувь заяагаа хэнд мэдүүлэх вэ гэдгээ шийдэх гэж байгаа асуудал. Үүний цаана иргэдийн амьдрал, бүх салбар, бүх айл өрхөд хүндэтсэн төсөв орж ирж байгаа учраас бид нухацтай ярилцах ёстой гэсэн байр сууринаас л завсарлага авахыг хүсч байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга ийм туйлширсан байдлаар асуудалд битгий хандаач ээ гэж хүсч байна. Өгөх ёстой хуулийн хугацаагаа өгч байж энэ ажил цаашаа явна” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Тодорхой хугацаа заасан асуудалд завсарлага өгөхгүй ч байж болох дэгтэй. Өнөөдөр ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар аль болох түргэн хугацаанд төсвийн тодотголыг хийх явдал бол ОУВС-ийн ТУЗ-ын хурлын шийдвэр гарахад шууд нөлөөлж байгаа асуудал. Тиймээс АН-ын бүлэг зөв ойлгох нь зүйтэй. Энэ бол улс орны эрх ашиг. Үнэхээр та бүхэн нэг цаг амжихгүй гэж байгаа бол гурван цагийн хугацаанд холбогдох хүмүүсээс нь тодруулаад эргээд чуулганаа үргэлжлүүлж хуралдуулъя. Гурван цагийн завсарлага өгье” хэмээлээ.
Сэтгэгдэл (14)