Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Зөвлөлдөх санал асуулга энэ сарын 29, 30-нд орон даяар болох юм. Энэхүү зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл найман хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь Д.Ламжав, Н.Жанцанноров нар ажиллаж байна. Санал асуулга хоёр үе шаттай.
Нэгдүгээр үе шат өнөөдөр 17.00 цагаас орон даяар эхэлж байна. Үндэсний статистикийн хороо 21 аймаг, 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар насанд хүрсэн 1570 хүнийг сонгожээ.
Хоёрдугаар үе шатанд эдгээр хүнээс 50 хувийг түүврийн аргаар сонгож, 29, 30-нд өдрүүдэд Төрийн ордонд болох хэлэлцүүлэгт оролцоно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийнэ. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнгийн тайлан гаргаж, тавдугаар сарын 4-ны дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна. Зөвлөлдөх зөвлөл тавдугаар сарын 5-ны дотор зөвлөмж гаргаж УИХ-д танилцуулна гэх мэт шат дараалалтай явагдах юм байна.