УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт дахин нэг зүйл анги нэмэгджээ. Хоёр зүйл ангиар шалгагдаж байсан Б.Гарамгайбаатарт дахин нэг шинэ зүйл анги нэмсэн нь хүү, эгч хоёрыг нь сэжигтнээр бус яллагдагчаар татах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй байна.
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Түүнийг Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд өөрт хамааралтай компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм.
Тодруулбал, тэрбээр Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн гэх хэргээр баривчилсан гэсэн үг. Түүнийг одоогоор хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд дахин нэг шинэ зүйл анги нэмжээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнд шинээр 264 дүгээр зүйлийн 264.2 гэх зүйл ангийг нэмж шалгах болсон байна.
Тус хэрэгт дан ганц Б.Гарамгайбаатар бус түүний хүү “Монроуд” ХХК-ийн захирал Г.Тэнгис, Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг /тус компанийн нягтлан бодогч/ нарыг шалгаж эхэлсэн нь хэрэг цаашаа улам даамжирахыг харуулж буй юм.
Сэтгэгдэл (7)