Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал, Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ын гишүүдийн цалингийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас 2017 оны нэгдүгээр сарын 14-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралтай гэрээ байгуулжээ. Энэ гэрээнд ерөнхий захирлын цалинг Монголбанкнаас зарласан албан ёсны ам.долларын ханшаар тооцож, сар бүр 10 мянган ам.доллар буюу 24,5 сая төгрөгөөр тогтоох санал гаргасан байна. Мөн 14 нөхцөл бүхий саналыг хэвээр үлдээх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт ирүүлсэн байна. Тодруулбал
- Компани нь ажилтанд нэг сарын 10 мянган ам.доллар олгоно
- Жил бүр ээлжийн амралтаа эдлэх үед ажилтанд олгох цалинг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний материалыг тусламж хэлбэрээр үзүүлнэ. /жилд дунджаар 30 мянган ам.доллар/
- Төлөвлөгөөт болон стационар эмчилгээг оролцуулан эмчилгээний зардал, түүнчлэн эмчилгээнд ирж, очих галт тэрэгний зардлыг компани төлөх
- Жилд нэгээс доошгүй удаа гэр бүлийн гишүүний хамт амралт, сувилалд явах эрхийн бичгийн үнэ, болон ирэх очих тээврийн зардлыг 100 хувь компани төлнө.
- Компанийн зардлаар албаны автомашин хэрэглэнэ
- Энэ гэрээний дагуу ажиллах хугацаанд амьдрах, амрах, ажиллах нөхцөл боломжийг хангасан орон сууцаар хангана.
- Ажил үүргээ биелүүлэх явцад осолд орж, эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд таван сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа авна.
- Москва хотод, зах зээлийн үнээр гурван өрөө байрыг компанийн зардлаар худалдан авч өгнө. Энэ гэрээний дагуу хоёр жил ажиллаж, компанийн ажлын үзүүлэлтүүд эерэг байсан тохиолдолд энэхүү байрыг түүний өмчлөлд шилжүүлнэ.
- Нэг хүүхдийг гадаад улсад суралцах сургалтын зардлыг компани төлнө.
- Сурах, дадлагажих, мэргэжил дээшлүүлэх, гадаадын төстэй үйлдвэрлэлийн туршлага судлах зэрэгт гарах зардлыг компани төлнө.
- Энэ гэрээ дуусч, буцах үед ачаа тээвэрлэх хөлсийг компани хариуцна.
- Ээлжийн амралтаараа гэр бүлийн гишүүдийн хамт /тэдэнтэй цаг болон салангид явахаас үл хамаарна/ оршин суух газартаа галт тэргээр /CB унтлагын вагон/ эсвэл онгоцоор /нэгдүгээр зэрэглэл/ ирж очих зардлыг компани хариуцна.
- Гэрээг хугацаанаас өмнө цуцалбал нэг жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.
Эдгээр заалтаас зөвхөн дөрвөн заалтыг нь хүлээн зөвшөөрнө, үлдсэн бүх зардлыг хасах саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Тус компанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд сар бүр 24,5 сая буюу 10 мянган ам.долларын цалин олгох, компанийн зардлаар автомашин унах, ажиллах хугацаанд амьдрах, амрах, ажиллах нөхцөл боломжийг хангасан орон сууцаар хангаж болно гэхдээ өмчлүүлэхгүй гэсэн саналуудыг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (16)