УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр "АН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төсөлд байр сууриа нэгтгэлээ. Энэ удаагийн төсвийн тодотгол бусад жирийн дэглэмээр орж ирдэг төсвийн тодотголоос ялгаатай. ОУВС-гаас тавьсан нөхцөлийг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс төсөвт тодотгол маягаар оруулж ирж байна. Энэ нь АН-ын бүлгийн онцгой анхааралд байгаа.
Манай бүлгийн гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагт иргэдтэй уулзсан. Эрх баригчид 2016 оны сонгуулийн амлалтаасаа буцаж, итгэл алдаж байгаад иргэд маш их бухимдалтай байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх баригчид зөвхөн төсөв тойрсон асуудлыг шүүмжилж, өмнөхийг буруутгасан чиглэлд хүчтэй явсан. Харамсалтай нь эдийн засгийн бодит өсөлт, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар бүтэн жил юу ч хийгээгүй байгаад иргэд маш их бухимдаж байна. ОУВС-гийн хүнд нөхцөлүүдийг төсвийн тодотголд тусгасныг иргэд шүүмжилж байна.
Өнөөдрийн хурал ОУВС-гаас тавьсан нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин зэргийг харгалзаж байж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх ёстой гэж бодож байна. Ялангуяа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар төсөвт тодотгол хийхдээ зардал нь өссөн мөртлөө иргэдээс авах татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад манай бүлэг санал нэгдэхгүй байгаа. Эрх баригчдын түрэмгий үйлдэлд нийгэм бухимдаж эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэх магадлал өндөр байгаа. Эрх баригчид иргэдийн амьжиргаанд бодит дүгнэлт хийж, дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаж чадахгүй ОУВС-гийн нөхцөлөөр 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.доллар өр тавих асуудлыг АН эсэргүүцэж байна. Өр тавих асуудлыг ноцтой хэмжээнд гаргаж тавина. Эрх баригч нар 2016 оны сонгуулиар өмнөх эрх баригчид Монгол Улсыг өрөнд баригдуулсан гэсэн асуудлыг тавьж, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгч байсан. Тийм учраас ОУВС-гийн далбаан дор 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг эсэргүүцэж байна.
АН дотоод сонгуулиа хийж дууслаа. Монгол орны бүх нутаг дэвсгэрт АН бүтцээ шинэчиллээ. АН-ын гишүүдийн идэвхжил өндөр байгаа. Улс орны хувь заяа хаашаа яваад байна. Эрх баригчдын хүч түрэмгийлсэн байдлыг хараад суух уу, эрх ашгаа хамгаалах уу гэдгийг хэлэлцсэн. Тийм учраас хаврын чуулганаар АН-ын бүлэг дүгнэлтээ танилцуулна" гэлээ. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн юм биш үү?
-АН улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг. Үүнийг бид улс төрийн дүгнэлт гэж харж байна. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС дүгнэлттэй санал нэгдэнэ. Тэр үед нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсний үнэ 3000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаа. Эдийн засгийн өсөлтөд ашигтайгаар эргэж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар руу, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Харин мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр байтугай ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй.
-Төсвийн хяналт, санхүүгийн сахилгыг сайжруулах нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэг шалтгаан. Өмнө нь эрх баригч хүчин байсаны хувьд энэ дүгнэлтэд ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн боломжиндоо тулгуурлаж, төсвөө барьж ирсэн. Анх удаагаа төсвийн урсгал зардлыг хассан. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгосноос эхлээд орон тооны асуудлыг ч шийдвэрлэсэн. Өнөөдөр бүх зүйл эсэргээрээ явж байгаа. Төсвийн тодотголд зардлыг нэмэхээр тусгасан. Үүнийг бид нарийн судалж, шалтгааныг нь тогтооно. Татвар нэмнэ гэдэг бол ард түмний халаасыг хоослохтой адил. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ард түмэн бус төр бүсээ чангална” гэдэг үгний эсрэг төсвийн тодотгол явж байна. М.Энхболдын “Монгол орныг чинээлэг дундаж давхрагатай болгоно” гэсний эсрэг явж байна.
-Төсвийн зардал юу юун дээр нэмэгдсэн юм бэ?
-Төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн зардал нэмэгдсэн. Тухайлбал, Ерөнхий сайдын төсөв 2.2 тэрбум, ЗГХЭГ-ын төсөв 1.2 тэрбум, ЗТХ-ийн сайд 160 тэрбум, БОАЖ-ын сайд нэг тэрбум гэх мэтээр. Зардлыг нэмэх зайлшгүй шаардлага байсан уу гэдгийг эргэж харна. ОУВС зардлаа бууруулж, хэмнэлт бий болгохыг санал болгож байгаа. Бид ч үүнийг дэмжиж байна. Зардлаа бууруулж, төсвөө хэмнэх боломж Засгийн газарт бий. Иргэд тэтгэврийн насыг нэмэхгүй байхыг хүсч байна. Удахгүй шатахууны албан татварыг нэмнэ. Эдийн засаг хямралтай үед иргэдийн гол хэрэглээний татварыг нэмж, үнийн өсөлт бий болгох нь буруу. Бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох ёстой. Монгол Улс бүх хүүхдийг эрхийг тэгш хангах олон улсын конвенцид нэгдсэн тул үүргээ биелүүлэх ёстой.
-Төсвийн тодотголыг хэрхэн батлавал үр дүнтэй вэ?
-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, уул уурхайгаас олох орлогын тоог бодитойгоор оруулах ёстой. 2015, 2016 оны төсөвт нүүрс, зэсийн үнийг тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнээр бодож оруулж байсан. Өнөөдөр энэ нөхцөл өөрчлөгдөх ёстой. 2017 оны төсвийн үнэ, түүхий эдийн өсч болох үнэ хоёрын дунджаар тусгах ёстой. Энэ бол Монголд орж ирэх экспортын орлогын нэмэгдэл болж харагдах ёстой. Хоёрдугаарт бид төсвөө өөрсдөө танаж чаддаг болох хэрэгтэй. Монголчууд бол тусгаар улс. Аль зардлаа танах вэ, алийг нь нэмэх вэ гэдгээ өөрсдөө гаргах ёстой. Ингэж чадвал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нөхцөл байдал үүсэхгүй гэж харж байна. ОУВС-ийн сангаас 440 сая ам.доллар авах нь гол биш гэж харж байгаа. 440 сая ам.долларын халхавчинд Монгол Улсыг 5.5 тэрбум ам.долларын өрөнд оруулах чиглэлд санаатайгаар явж буй үйлдэл гэдгийг анхааруулж хэлж байгаа.
Одоо Япон улсаас 800 сая ам.долларын урт хугацааны зээл авч байна. Зээл авах нь буруу зүйл биш. Гэхдээ ОУВС-гийн нөхцөлийг хангасан үзүүлэлт оруулж ирж байгааг бурутгаж байгаа. Яагаад ОУВС-гийн нөхцөл рүү түлхэж байж гадаадаас өр, зээл авах шаардлагатай юм бэ. Өрийг өрөөр дарах нь Монгол Улсад ашиггүй тусч байна. Тэр үед Сү.Батболдын 580 сая ам.долларыг бид 5 хувийн хүүтэй зээлж байсан. Гэтэл Хуралдай гээд байгаа өр дарах процесс нь өөрөө 3 хувийн нэмэгдэлтэй явчихлаа. Алдагдалтай наймаа хийж байна. Эдийн засгийн бодит өсөлтөд энэ нь нөлөөлөхгүй. Ажлын байр, цалин хөлс нэмэгдэхгүй, үйлдвэрлэл хөгжихгүй зогссоныг бид шүүмжилж байгаа. Төсөв мөнгөний бодлогоор Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй.
-580 сая ам.долларын Евро бондоор танай Засгийн газар юу хийсэн бол?
-580 сая ам.долларыг ипотекийн зээл, зарим нэг бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэхэд зарцуулсан.
-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор хичнээн төгрөг хэмнэх вэ?
-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа. Хүүхдийн мөнгийг танаад 2 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдуудын албан тушаалыг буулгаж болохгүй гэж.
-Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох талаар ямар байр суурьтай байна вэ?
-ОУВС-гийн нөхцөлөөр гэдэг үгийг төсвийн тодотголын хуудас болгонд бичжээ. ОУВС-д орохын тулд татвар нэмэх нь зөв үү. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно гэж 200 тэрбум төгрөгийг хассан. Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгохоор болж хасах нь. Үлдсэн мөнгийг нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон болгож өгөх гэнэ. Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй. Харин Монголд хамгийн үнэ цэнэтэй зүйл хүүхдүүд мөн.
Б.Энхжин
Сэтгэгдэл (18)