Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралджээ. Энэ удаагийн хурлаар сонгуулийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой зарим тогтоол, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуульд ашиглах баримт бичгийн зарим маягт, загвар батлах зэрэг асуудлыг хэлэлцэж баталсан байна. Тухайлбал, гадаадад байгаа иргэдийн бүртгэлийн маягт, нэр дэвшигчийн зөвшөөрлийн маягт, сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийн маягт, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг хүлээлцсэн тухай маягт болон санал авах байрт ажиллах ажиглагчийн анкетийн загварыг баталжээ.
Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх, ажиглагчийн үнэмлэх, гадаадын ажиглагчийн үнэмлэх, хэвлэл, мэдээллийн ажилтны үнэмлэх зэрэг үнэмлэх, таних тэмдгийн загварыг тус тус баталсан байна. Үүнээс гадна Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг байгуулжээ.
Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, дэд даргаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар томилогдож бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын төлөөлөл орсон аж.