Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгууль болж байгаа билээ.
Үүнтэй зэрэгцээд гишүүдийн шинэчилсэн бүртгэл давхар явагдаж байгаа юм. Намын сонгуульт албан тушаалтан гэдэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хороо (ҮБХ) буюу хуучнаар ҮЗХ-ны гишүүн зэрэг албан тушаал орно. Уг сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорхой хэмжээний дэнчин төлж оролцох ажээ.
Тухайлбал, ҮБХ-нд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх юм байна. ҮБХ-ны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байгаа талаар АН-аас мэдээллээ. ҮБХ-ны сонгуульд оролцогч сонгогдоогүй тохиолдолд гурван сая төгрөгөө буцааж авахгүй юм байна. АН дотоод сонгуульд оролцох гишүүддээ гишүүнчлэлийн 1200 төгрөгийн татвараа төлж саналын эрхээ баталгаажуулсан байх шаардлага тавьжээ. Тэгвэл Ардчилсан намын эмэгтэй гишүүд намын дарга болох С.Эрдэнэд хандаж шаардлага хүргүүлжээ.
Тэд намын албан тушаалыг өндөр үнээр үнэлэхийг зогсоож, намаа өрийн сүлжээ, авилгын эрсдлээс ангид байлгахыг шаардлаа. Ингэхдээ “Ардчилсан намын улс төрийн үйл ажиллагаа тогтвортой удаан хугацаанд шударгаар зохион байгуулах чадвартай байя гэвэл даруухан төсөвтэй, хэмнэлттэй, зарцуулалтын соёлтой болох ёстой гэж эмэгтэй гишүүд бид үзэж байна. Намын бүх шатны сонгуулийн дэнчин, давхардуулахгүйгээр хэт өндөр тогтоож байгаа нь намд итгэх ард түмний итгэлийг мохоож байна. Иймээс намын албан тушаалыг өндөр үнээр үнэлэхийг зогсоож, намаа өрийн сүлжээ, авилгын эрсдлээс ангид байлгахыг шаардаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (19)