Сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш тус намынхан хаана л нүх сүв байна түүндээ өөрсдийн хүмүүсийг чихсээр байгаа. Хамгийн сүүлд гэхэд л Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын марафоныг явуулаад амжиж. Дэд сайд байсан Х.Бадамсүрэнг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Түүнээс хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дэд сайдгүй байгаа. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар хэнийг томилохоо хэлэлцжээ.
Дэд сайдын марафонд УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам, тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун, УИХ-ын сонгуулиар Ховд аймагт нэр дэвшиж ялагдсан Б.Очбадрах нар оролцож байгаа тухай мэдээлэл гарч байсан ч МАН-ын Удирдах зөвлөл тэднээс Д.Загджавыг дэмжиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох нь зүйтэй гэж үзжээ. Улмаар Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг баталгаажуулж Д.Загджавыг дэмжиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох бололтой байна.
Д.Загджавын хувьд өмнө нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд даргад яригдаж байсан удаатай. Даргаар нь Б.Баатарцогтыг, дэд даргаар Хан-Уул дүүргийн засаг дарга асан Д.Загджавыг томилохоор яригдаж байв. Гэвч тэрбээр ийнхүү албан тушаал ахиж, дэвшжээ.
МАН-ын Удирдах зөвлөл тэднээс Д.Загджавыг дэмжиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох нь зүйтэй гэж үзжээ.
Түүнийг Сайншандад цагдаа байгаад хөөгдсөн, ганзагын наймаа эрхэлж, спирт, тамхины бизнесээр хөл дээрээ боссон хэмээн нутгийн ард түмэн андахгүй сайн мэднэ. “Хан-Уулын Загджав”-ыг МАН, МАХН хоёрыг нэгтгэх үйлсэд “морь, нохой мэт хүчин зүтгэсэн” хэмээн намын журамт нөхөд нь дүгнэдэг аж. Үүнээс гадна түүнийг “Н.Энхбаярын хүн” гэдэг бөгөөд ясны заргач, улстөрийн хууль бус арга, мэх сайтай нэгэн гэх юм билээ. Хоёр нам салсан цагаас эхлэн чимээгүй амьдарч байгаад МАН-ын Засгийн газрын үед яамны дэд сайдад хүч үзэхээр болсон нь энэ аж.
Юм болгон дээр "Би Н.Энхбаярын гарын хүн" хэмээн даналзаж тамгын газраа Ховдынхноор дүүргэсэн, гэр хорооллыг хогонд даруулсан, дархан цаазат Богд хан уулын модыг огтолж, хожуул болгуулсан, Зайсангийн амны газраар бизнес хийсэн, 130 мянган "ногоон"-оор "Ланд круйзер", "Ниссан патроль" авч унасан гэсэн нэр хоч түүнийг өнөөдрийг хүртэл дагаж ирсэн билээ. Хамгийн сүүлд нэгэн ноцтой хэрэгт нэр холбогдсон нь нууцаар мөрийтэй тоглоом тоглосон гэх хэрэг байв. Энэ хэрэг тэгс гээд намжсан ч түүнийг Солонгосын казиногийн байнгын үйлчлүүлэгч гэдгийг хэвлэлийн хуудаснаа гарсан мэдээллүүд харуулсаар. Ямар сайндаа л түүнийг цусаа дуслахыг үл анзааран мөрийтэй тоглосон гэх.
Учрыг ухвал тавин насны босго хэдийнэ алхсан түүний дээд зовхи унжаад байгаа тул Солонгост очиж пластик мэс ажилбар хийлгэн зовхио татуулсан юмсанж. Хагалгаа ч амжилттай болж эрхэм гишүүн маань бараг л хагалгааны орноос буунгуутаа “Seven Luck” казиногоороо үйлчлүүлсэн байна. Тоглож байхад нь мэс засал хийлгээд удаагүй байсан түүний зовхины оёдол хясаа руу хэт ширтсэнээс задарч цус шүүрээд эхэлжээ. Хамт тоглож байгаа улсууд нь сандран сүйд майд болоход эрхэм гишүүн ер тоосон шинжгүй "Энэ яах вэ зүгээр, эдгэж байгаа юм" гээд үргэлжлүүлэн тоглосоор байсан гэж эх сурвалж өгүүлжээ. Монголчууд мөрийтэй тоглоомонд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй гэлцдэг. Харин Д.Загджав мөнгөний төлөө нүднээсээ цус дуслуулан тоглож олныг хирдхийлгэсэн гэдэг.
24tsag.mn
Сэтгэгдэл (19)