Монгол Улсын Засгийн газар энэ сарын 21-ний дотор Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийх ёстой. Тэгвэл эрх баригчид энэ эргэн төлөлтийг арай урт хугацаатай өөр бондоор солих саналыг анхны хөрөнгө оруулагчдад тавьсан саналыг хөрөнгө оруулагчид хүлээж авчээ. Шинээр гаргах “Хуралдай” бондын хэмжээ 600 сая ам.доллар, хүү нь 8.75 хувь байхаар тохирсон байна.
Хөгжлийн банкны өмнөх 580 сая ам.долларын бонд нь Ази, Европт арилжаалагдаж байсан бол одоо гаргах 600 сая ам.долларын бонд нь АНУ-д арилжаалагдах боломжтой болжээ. Мөн энэ сарын 21-ний дотор төлөгдөх ёстой 580 сая ам.долларын бондын 476 сая ам.долларыг нь шинэ бондоор солих боломжтой болсон байна.
Шинээр гаргах “Хуралдай” бондын хэмжээ 600 сая ам.доллар, хүү нь 8.75 хувь байхаар тохирсон байна.
Хөгжлийн банк нь 580 сая ам.долларын бондыг 2012 оны гуравдугаар сарын 14-нд олон улсын зах зээл дээр 5.75 хувийн хүүтэйгээр арилжиж байсан юм. Тэгвэл энэ бонд таван жилийн дараа долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэй бондоор ийнхүү солигдож байна. Өөрөөр хэлбэл “Сүх далайтал бяруу амар” гэгчээр нэг удаа Засгийн газар өрийг өрөөр төлж, өндөр хүү төлөхөөр боллоо.
Тэгвэл 21-ний өдөр төлөгдөх 580 сая ам.долларын өрийг хэрхэн төлөх талаар Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат “580 сая ам.долларын өрийг төлөхөд бид эртнээс бэлдсэн. Тодорхой хэд хэдэн хувилбарууд яригдаж байгаа. Ямар ч байсан энэ мөнгийг хугацаанд нь төлнө гэдэгтээ итгэлтэй байгаа. Манай улсын зээлжих зэрэглэл чанаргүй буюу Саа1 ангилал руу орчихсон энэ үед дээрх хөрөнгийг бүрдүүлэхэд амаргүй зэргээр тайлбарлах хэсэг байгаа. Гэхдээ бид уг өрийг хугацаанд нь төлөх боломжтой. Энэ тал дээр эргэлзэхгүй байна” гэдгийг хэлж байсан.
Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Монгол Улс ирэх сараас 580 сая ам.долларын зээл төлөх асуудлын тухайд Засгийн газрын зарим гишүүний байр суурийг харахад эдийн засагт хамгийн хэрэгтэй нь өрийн хугацааг сунгачихсан нь дээр гэдэг зүйлийг яриад байгаа. Гэхдээ хугацаагаа сунгачихвал дараа жил “Чингис” бондын мөнгөтэй давхцаад бараг тэрбум ам.доллар төлөх болно шүү дээ. Би хувьдаа үүнийг арай өөрөөр харж байгаа” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (21)