УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа өнөөдөр тайлагналаа.
Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд бие даасан найм, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72, УИХ-ын 13 тогтоолыг хэлэлцэж, батлуулжээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийг баталлаа. Өмнө нь Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах асуудлыг хэн хариуцаж хийх нь тодорхойгүй байсан. Энэ бүхнийг нэгтгэж, хуулийг улам бүр төгөлдөржүүлсэн. Мөн 2003 онд батлагдсан Арбитрын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Хуулийг энэ сарын 21-нд олон улсад танилцуулна. Үүнээс гадна “Авилгатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоол гаргасан. Монгол Улс 2005 оноос хойш Авилгатай тэмцэх хөтөлбөргүй явж ирсэн. Шинэ хөтөлбөр батлагдсанаар авилгатай тэмцэх эрх зүйн орчин боловсронгуй болгох, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг АТГ ирэх сарын 01-нээс өмнө эхлүүлнэ. Гол нь төрийн байгууллагын шийдвэрүүдийг ил тод болгох юм. Энэ нь авилга үүсэх боломжийг хаах юм.
Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл баталсан. Үндсэн чиглэл бол Засгийн газар 2020 он хүртэл аль салбарын яамар хуулийг боловсронгуй болгох вэ гэдгийг тодорхойлох төлөвлөгөө гэж болно. Ирэх хаврын чуулганаар 27 байгууллага, албан тушаалтанд хамрагдах 1470 зөрчлийг хянан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийг боловронгуй болгоход иргэдийн санал хүсэлтийг тусгах шаардлагтай. Ирэх хаврын чуулган хүртэл Хууль зүйн байнгын хороо иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй хүлээж авах болно. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр хууль ирэх хаврын чуулганаар хэлэлцэх томоохон төслүүд юм” гэв.
Байнгын хорооныхон мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Гэсэн ч хуулийг хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдээгүй гэсэн мэдээллүүд гарах боллоо?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. УИХ хууль баталсан л бол хэрэгжих ёстой.
-Арбитрын тухай хууль дэлхийн жишигт нийцсэн гэж байна. Энэ хуульд яг ямар өөрчдлөлт орсон юм бэ?
-2003 оноос мөрдөгдөж байсан Арбитрын хуулийн зохицуулалт нь хэрэг маргаан шийдвэрлэх үед хэт нэг талыг барьсан, хараат бусаар ажиллах нөхцөл бололцоог хумьсан байсан. Шинэ хуулиар энэ бүхнийг зассан.
-Эрүүгийн хуульд хариуцлага алдсан эмч нарт хэт хүнд шийтгэл ногдуулахаар тусгасан гэсэн маргаан гарч байсан. Тэр заалт өөрчлөгдсөн үү?
-Эмч нартай холбоотой торгуулийн хэмжээ хоёр дахин буурсан. Мөн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийх үед хорих ял ногдуулахгүй байхаар тусгасан.
-Байнгын хорооны хуралд дээр Худалдаа хөгжлийн банктай холбоотой концесын гэрээнүүдэд хяналт шалгалт хийнэ гэж яригдаж байсан. Энэ хэзээнээс хийгдэж эхлэх вэ?
-Монгол Улсад нийт 1.6 их наяд төгрөгийн концессын гэрээ бий. Үүнийг бүгдийг шалгах ёстой. 1.6 их наядыг Монголын төр, татвар төлөгч иргэд төлнө. Зарим газар үнийн дүн анх батлагдсанаасаа 1,180 дахин өссөн гэрээ ч байна.
-“Эрдэнэт” үйлдвэрт дахин шалгалт хийж байгаа гэсэн. Шалгалтыг танай байнгын хороо хийж байгаа юу?
-“Эрдэнэт”-ийн асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яам, татварын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарсан. Энэ шалгалт 20 хоног үргэлжилнэ. Үр дүн нь цагаан сарын өмнө гарах байх.
-“Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн улстөрчдийн нэрийг ил зарлах уу?
-Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шалгалтын дараа ил тод болно. Төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаанаас эхлээд бүх зүйл ил тод, нээлттэй явагдах ёстой.
-“Эрдэнэт” дэх төрийн өмчийн 51 хувийг Стандарт банканд барьцаанд тавьсан. Олон Улсын арбитрын шүүх дээр Монгол Улс ялагдал хүлээсэн гэсэн. Энэ талаар Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл бий юу?
-Энэ талаар Хууль зүйн байнгын хороон дарга “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаас асуусан. Анх Хадгаламж банк 109 сая ам.доллар зээлсэн юм билээ. Одоо төлбөрөө барагдуулаад явж байгаа. 8 сая ам.долларын асуудал Арбитрийн шүүх дээр үлдсэн гэсэн. Үүнээс илүү мэдээлэл надад алга байна. Шалгалтын дүнгээр асуудал гарч ирэх байх.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид аваад БНХАУ-д 2 тэрбум ам.долларын зээлийн барьцаанд тавьж байгаа гэж О.Баасанхүү гишүүн ярилцлага өгсөн байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Тэр О.Баасанхүү гишүүний хувийн бодол.
-Шинэ Засгийн газар, УИХ яагаад “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа юм вэ?
-Шилэн дансны хууль хэрэгжих ёстой. Хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газарт асуулга хүргүүлсэн. Хаврын чуулганаар Засгийн газар мэдээлэл хийх байх.
-Төрийн өмчит компаниуд ашигтай ажилладаг байсан. Сүүлийн хэдэн жил 10-аад их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн. Хариуцлага тооцох уу?
-Шахааны бизнесээр хэрэггүй, ашиггүй зүйл худалдаж авдаг асуудал бий. Үүнийг болих хэрэгтэй. Хариуцлага тооцох нь гарцаагүй.
Сэтгэгдэл (36)