АН-ын VII Их хурал Улаанбаатар паласт үргэлжилж байна. Хурлаар нийт гишүүдийн хэлэлцэн, боловсруулсан дүрмийн төслийг хэлэлцэж байна. Түүнчлэн өнөөдрийн хурлын бас нэг гол сэдэв нь АН-ын Ерөнхий нарийн бичгийг сонгох асуудал байх нь. Одоогоор Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн сонгогдох нь одоогоор тодорхойгүй байгаа ч хэд хэдэн хүн нэр дэвшинэ гэсэн таамаг байна. Тодруулбал шинэхэн намын дарга С.Эрдэнэ Ц.Туваан, З.Энхболд Г.Байгалмааг зүтгүүлж байгаа бол намынхаа удирдлагуудтай хамтарч ажиллана хэмээн мэдэгдсэн Ж.Батзандан О.Магнайг генсект нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа бололтой.
Ц.Туваан нь АН-ын энэ удаагийн их хурлыг зохион байгуулах ажлыг хэсгийг ахалж байгаа бөгөөд өмнө нь Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад тус яаманд Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж, “Шонхор” фракцийнхантай дөрөө харшуулах болжээ. Харин Г.Байгалмаагийн хувьд Барилга хот байгуулалтын дэд сайд асан бөгөөд З.Энхболдыг УИХ-ын дарга байхад Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм.
Түүнчлэн АН-ынхан дунд О.Магнайг Ерөнхий нарийн бичгийн даргаар тавих сонирхол багагүй байгаа гэнэ. Учир нь тэрбээр ШӨХТГ-ын даргаар ажиллахдаа иргэдээс багагүй үнэлгээ авч чадсан бөгөөд удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээгээд байгаа намынхныгаа өөрчилж чадна гэж байна. Түүнийг нэр дэвшүүлэх тохироог Сүхбаатарын талбайгаас хамт тэмцлээ эхлүүлсэн Ж.Батзандан хийсэн “хар” байна. Учир нь намын даргын сунгаанд С.Эрдэнэ ялсан мэдээлэлтэй зэрэгцээд тэрбээр Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нартай хамт, эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд намынхаа сонгуулийн хороонд гомдол гаргаад амжсан билээ. Гэвч тэрбээр удалгүй С.Эрдэнийн хамт хэвлэлийн бага хурал хийж “Хэн ч ялсан байсан бие биенээ хүлээн зөвшөөрөөд хамтдаа ардчиллынхаа төлөө ажиллаарай гэж намын гишүүд маань захисан. Тиймээс би ялалтыг хүлээн зөвшөөрөөд хамтран зүтгэхээ мэдэгдэж байна” гэсэн. Ийнхүү гэв гэнэт С.Эрдэнийг ялалтыг хүлээн зөвшөөрсөн нь О.Магнайг Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдүүлэх тохироо хийсэнтэй гэх хүмүүс байна.
Сэтгэгдэл (3)