Ардчилсан намынхан өнөөдөр VII их хурлаа хийж байна. Тус намын 180 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болох 2700 төлөөлөгчид өнгөрсөн сард орон даяар явагдсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнийг батламжилсан бөгөөд үдээс хойшх хуралдаанаараа Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх юм.
Ингээд АН-ын VII Их хурлын үеэр хэн юу хэлсэнийг товчхон хүргэе.
З.Энхболд: АН-ыг дахин эрх баригч болгохын төлөө З.Энхболд миний бие хамтран зүтгэх болно
“Ардчилсан хувьсгалын тугийг өргөж явсан, ардчилал эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэгч журмын нөхөддөө баяр хүргэе. Ардчиллын төлөө тууштай тэмцэж, шинэчлэлийг хөгжүүлж чадсан мянга, мянган гишүүд, их хуралдаа ирсэн гишүүддээ талархаж байна. Ардчилсан нам УИХ сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, өөрчлөлт, шинэчлэлийг хийж байна. Олигарх, оффшорчдоосоо салж чадсан Ардчилсан намын гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан намыг дахин эрх баригч хүчин болгохын төлөө З.Энхболд миний бие хамтран зүтгэх болно. Ардчилсан намын дарга С.Эрдэнийг 2020 оны УИХ-ын сонгуульд амжилт үзүүлэхийг ерөөе” гэлээ.
АН-ын шинэ дарга С.Эрдэнэ: Ардчилсан нам шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө
1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй. Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө, Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна.
Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улстөрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг Ардчилсан намд хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна. Өнгөрсөн 20 жилийнхээ түүхэн ололтыг баталгаажуулах ёстой. Тиймээс хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ардчилсан нам шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө. Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг Ардчилсан нам авчирч чадна. Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ-ын сонгуульд ялах болно. Бид хувийн хэвшлийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоно.
Э.Бат-Үүл: Коммунист нам байснаа нууж явдаг МАН хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй
С.Эрдэнээд өмнөх намын даргаас илүү эрх мэдэл, итгэл найдвар очиж байгаа. Монголд хэзээ ч урьд өмнө ийм олон гишүүдийнхээ саналаар намын дарга болсон жишиг байхгүй, Тиймээс С.Эрдэнэ анхдагч нь юм. Коммунист нам байснаа нууж явдаг МАН хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Компанийн нам болж байсан нам хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Бүс нутагт ч ийм нам байхгүй гэдгийг бардам хэлж чадна.
Л.Эрхэмбаяр: Амбиц хувиа бодолгүй, эх орон, иргэдийнхээ төлөө хамтдаа явцгаая С.Эрдэнэ ээ
Нээлттэй нам болох шинэчлэлийг та бид бүгдээрээ эхлүүлж чадлаа. Одоо сэтгэлгээний шинэчлэл рүү явах цаг нь болсон. Бид Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зөв хүмүүжилтэй, зөв боловсролтой, хөдөлмөрийг танхин шүтдэг хүмүүсээ манлайлах ёстой юм. Цаашдаа сэтгэлгээний шинэчлэлийн төлөө явцгаая.
Маш том хариуцлага үүрлээ шүү анд аа. Бид 50 нас гарчихлаа. Амбиц хувиа бодох юм байхгүй, эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө хамтдаа явцгаая С.Эрдэнэ ээ.
Сэтгэгдэл (24)