УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд үндэсний баяр наадамд байр эзэлсэн сур харваач нарт цол олгохоор тусгасан байна.
Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор заасан байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа гишүүд үг хэллээ. Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн нэр томъёоллоор санал хураалт явуулж гишүүдийн 81.4 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)