Ардчилсан хувьсгалын үед “Элсний 13” гэж айхавтар тэмцэгчид төрсөн. Гэвч эрх чөлөөний эхлэлийг тавьсан гэгдэх “Элсний 13”-ын гишүүд сайн яваагүй гэлцдэг юм. Өнгөлөг өөдрөг яваа нь тухайн үеийн “Элсний 13”-ыг толгойлж байсан Д.Ганболдыг гэх юм билээ. За энэ ч яахав. Мэндэлсэн, тэгсхийгээд замхарсан явдал болсон.
Харин МАН-аас байсхийгээд л “Элсний 13” мэндэлж, эврээ ургахаар эхийгээ мөргөдөг зуршил тогтоод байгаа юм. МАН-ыг МАХН нэртэйгээ байх үед Н.Энхбаяр хүчээ авч, түүний дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй болох гээд байсан үе. Энэ л цаг мөчид тэрбээр “Элсний 13”-ыг төрүүлж, улстөрд халуун гараас нь хөтлөн оруулсан М.Энхболдыг унагааж байсан гашуун түүх бий.
2007 онд болсон энэ үйл явдлын галын шугаманд Д.Арвин, Ч.Авдай, Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Л.Одончимэд, Д.Одбаяр, Т.Очирхүү, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн гэх 13 гишүүн байсан юм. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр өөрийн “Гарын шавь” М.Энхболдын хүчийг сулруулж, өөрийнхөө эрхэнд байлгахын тулд энэ “хэргийг” үйлдсэн гэгддэг юм. М.Энхболдыг унагаах үйл хэргээ амжилттай биелүүлсэн “Элсний 13” тэгсхийгээд бас л чимээгүй болсон.
Ц.Нямдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэсэн холын бодол тээсэн байхыг үгүйсгэхгүй гэлцдэг юм.
Харин 10 жилийн дараа МАН-аас дахин “Элсний 13” төржээ. Тэдний гол зорилго нь М.Энхболдыг Ерөнхийлөгч болсны дараа МАН-ын даргын суудлыг авах асуудал гэж байгаа боловч далдуураа Ц.Нямдоржийн далд санааг дэмжих хөтөлбөр гэж харах өнцөг ч байгаа юм.
Хамгийн аюултай гэж болох энэ багийн гишүүд хүчтэй, нөлөөтэй эрхмүүд. Юуны түрүүнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэрлэгдэж байгаа юм. Мэнгэт даргын хувьд хал үзэж, хашир суусан хатуу самар. Баргийн асуудалд гараа өргөхгүй. Харин ч түүний үгээр үг хийж, сумных нь зэв болох гишүүд нэмэгдэж магадгүй. Ер нь түүний нөлөө нам дотроо хүчирхэгжих хандлагатай байгааг гишүүд нь хэлдэг. Энэ нь алсуураа Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэсэн холын бодол тээсэн байхыг үгүйсгэхгүй гэлцдэг юм.
Дараа нь МАН-ын гишүүн Ж.Энхбаяр нэрлэгдэнэ. Түүний аав Ш.Жадамба генерал Монгол төрийнхөө тэргүүнийг, армийнхаа генералын цогцсыг эх орондоо авчирсан гавъяагаараа алдаршсан нэгэн. Монголын ард түмэн түүнийг хүндэлдэг, домог мэт ярьдаг. Мэдээж сайн аавын сайн нэрээр Ж.Энхбаяр сайн яваа. Батлан хамгаалахын салбарт амжилттай ажилласан гэж дүгнэдэг. Тиймээс нам дотроо шагхийсэн нөхөдтэй.
Үүний хойноос УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бичигдэнэ. Бас л хэл амаар бол хэнийг ч урдаа оруулахгүй хэлэмгий доломгой нэгэн. Явцтай фракцид хүч нэмж карьерийнхаа оргилд гарахаар тэмүүлдэг нь түүний буруу биш.
За тэгээд МАН-ыг шинэчлэх ёстой хэмээн хамгийн их ярьдаг ч хамгийн ахиц муутай байдаг гишүүдийн нэг бол Т.Аюурсайхан. Н.Багабандийн туслахыг хийж байсан гэсэндээ үг хэл нь цэгцэрсэн ч, үйлдэл нь нэг л явж өгдөггүй гачлантай залуу.
2016 оны сонгуулийн дараа хуваасан бялуунаас үнэрлэх төдий хувь хүртсэн нь Сү.Батболдын фракц л гэхэд М.Энхболдыг дэмжинэ гэсэн байр сууринаас хандаж байгаа гэх
Сүүлийн үед тус намын залуу халаа болж, олны дунд жин дарж мэдэхээр үг хэлтэй гэгддэг Ш.Раднаасэд бас л эдэнтэй нэгдэж. Ингээд шаг хийсэн баг бүрэлдэж, намын даргынхаа эсрэг тэмцэж эхэлсэн энэ удаагийн “босогчдыг” аялдан дагалдсан хэмээн Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин нарын нэрс яригдаж байна. “Элсний 13” хэмээж байгаа ч гишүүдийн тоо бол 13-т хүрээгүй байгаа юм. Цаашид хэрхэн нөлөөгөө тэлж, хүрээгээ томсгохыг тааж хэлэхийн аргагүй.
Угаасаа МАН-д М.Энхболдын буюу хотын, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нараар ахлуулсан Увсын, Сү.Батболд, С.Баяр нарын фракц, У.Хүрэлсүхийн фракц, бас бус залуусын ургуулсан даль жигүүрүүд бий. Одоогоор ургийн мод нь хамгийн сайн ургаж, байр сууриа бататгасан нь “Хотын” гэгдэх М.Энхболдын фракц. Тиймээс түүний эсрэг гэхээсээ илүүтэй аялдан дагалдах фракцууд олон.
2016 оны сонгуулийн дараа хуваасан бялуунаас үнэрлэх төдий хувь хүртсэн нь Сү.Батболдын фракц л гэхэд М.Энхболдыг дэмжинэ гэсэн байр сууринаас хандаж байгаа гэх. Харин намаа шинэчлэх залуус дэмжих гэхээсээ илүүтэй эсрэг байр суурьтай байгаа юмдаг уу даа. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн сонгуульд битүүхэн зэхэж суугаа Ц.Нямдоржийг дагасан гэх. Ямартай ч алгуурхан хүчээ авч буй “Элсний 13” гэгдсэн бүлгийнхэн М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих үү, эс дэмжих үү гэдэг нь одоохондоо тааварлахын аргагүй байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (33)