Энэ жилийн халуухан тойргуудын нэгээр Эрдэнэт тодроод байна. Одоо болтол маргаан нь дуусаагүй учир ингэж тодорхойлогдоно. Шинэ хүн гаргахдаа гаргуун орхончууд энэ удаа Эрдэнэт үйлдвэрийг олон жил амжилттай удирдсан алдарт Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэгт итгэл хүлээлэглээ.
О.Содбилэг ч энэ тойргийг эртнээс амлаж, их ч бэлдсэн. Их бэлтгэл нь одоо сонгуулийн хууль зөрчсөн гэж З.Энхболдын амных нь уншлагын нэг болоод байгаа юм. О.Содбилэгийн энэ тойргийг онцолж бэлтгэх шалтгаан үндэслэл бий. Уг нь тэрээр аавын нутаг Завханыг зорьж болох л байсан. Гэвч тэгээгүй. Эрдэнэтийг л онцолсон. Алдарт “Тунгалаг тамир” кинон дээр Хонгор багын найз Батыг суллахын тулд “Эцгийн минь хөрөнгийг хураасан энэ турсагатай надад тооцоо бодох их юм бий” гэж хэлээд аваад явдаг шиг О.Содбилэгт эцгийнх нь эртний дайсан Д.Одхүүтэй тооцоо бодох зүйл их байсан учраас Эрдэнэтийг онцолж сонгосон байж мэднэ.
Учир нь Ардчилсан хүчин Засгийн эрхийг барьсан 1997 оны орчимд тухайн үеийн төрийн өмчийн хорооны хэлтэсийн залуухан дарга Д.Одхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийн өрөөг эвдэн орж дуулиан дэгдээж байсныг олон түмэн мартаагүй байна. Энэ үйл явдлаас хойш “Одхүүдэх” хэмээх шинэ нэр томъёо гарсан юм. Уг үйл явдлыг эргэн санавал тухайн үеийн төрийн өмчийн хорооны дарга одоогийн УИХ-ын гишүүн З.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг халах гээд чадахгүй байсан юм. Тэгээд эцэст нь ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж “Төр өмчөө мэддэг юм” гэсэн алдарт үгээ амнаасаа унагаж хэлтэсийн дарга Д.Одхүүгээрээ Ш.Отгонбилэгийн өрөөний хаалга үүдийг хэмхэлүүлж, тамга тэмдгийг нь хураан авсан юм. Энэхүү үйл явцыг Ш.Отгонбилэг холоос нуугдан харж байсан тухай мэдээлэл ч бий. Асуудал үүгээр дуусаагүй Ш.Отгонбилэгийг З.Энхболд, Д.Одхүү тэргүүтэй Ардчилсан хүчнийхэн “Зууны луйварчин” хэмээх шинэ цол өгч идэж уусан тухай нь домог зохиож телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн гаргасан юм.
Ингээд Эрдэнэтийн захирал Ш.Отгонбилэг ажлаасаа халагдаад зогсохгүй “Зууны луйварчин” болсон юм. “Зууны луйварчин” гэж цоллогдсон Ш.Отгонбилэг 2000 оны сонгуулиар төрлөх Завхан нутагтаа нэр дэвшиж Монголын парламентын түүхэнд байгаагүй хамгийн өндөр хувиар ялалт байгуулсан юм. Бараг 100 дөхсөн хувиар ялалт байгуулсан. Харамсалтай нь тэр жилийнхээ зуднаар Завхан, Увс аймгийнханд туслах гэж НҮБ-ийн багийнхантай явж байгаад харамсалтайгаар осолдсон юм. Тиймээс л Ш.Отгонбилэгийн ганц хүү О.Содбилэг аавыг нь ажлаас чөлөөлж, амьдралаас эрт буцахад нь түлхэц болсон Д.Одхүүгийн тойргийг амлан авч өрсөлдлөө. Тэрээр ялалт байгуулсандаа сэтгэл дүүрэн байгаа гэсэн. Түүний энэ сэтгэл ханамжийг зарим хүмүүс ялалт байгуулсандаа биш аавынх нь дайсан байсан Д.Одхүүг ялж чадсандаа, өшөөг нь авсандаа, эрдэнэтчүүдийн өмнө аавынхаа үйл хэргийг залгамжилж чадахаа харуулсандаа, аавыгаа “Зууны луйварчин” байгаагүйг харуулсандаа баяртай байгаа гэж дүгнэж эхэлжээ.
Үнэхээр аавыг нь огцоруулж байсан хүнийг хүү нь ялж чадлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын өмнө, Монголын ард түмний өмнө О.Содбилэгийн аавыг Д.Одхүү ажилаас нь халж явсан цаг саяхан. Харин түүний ганц хүү 15 жилийн дараа эрдэнэтчүүдийн өмнө, ард түмний өмнө аавыг нь халж, сагсуурч явсан эрийг ялж гишүүн боллоо. Удахгүй бас аавыг нь ажлаас нь халж “Зууны луйварчин” гэж цоллосон З.Энхболдтой нэг парламентад сууж, үзэл бодлоороо уралдахаар болов. Ийнхүү хүний амьдралын үеүүд сонирхолтойгоор өрнөж байна.
Улс орныг хүнд хэцүү үед нь удирдаж эцэстээ “зууны луйварчин” гэж цоллогдсон Ш.Отгонбилэг агсан бизнесийн уулзалт хийхдээ дагуулан явж, “Энэ хүн юу ярьж, яаж сэтгэж байгааг нь анхааралтай ажигла” хэмээн сургамжилдаг байсан хүү нь улс төрд дуулиантайгаар ирлээ. Тэрээр аав шигээ ард түмний итгэлийг дааж чадах болов уу? үгүй болов уу гэдэг нь ирэх дөрвөн жилд харагдах биз.
Т.Сайхнаа