Гадаад харилцааны яам, Уул, уурхайн яам, Хууль зүйн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс хөдөө аж, ахуйн яам зэрэг зургаан яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах шалгалт өчигдөр боллоо. Засгийн газраас өгсөн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс уг шалгалтыг зохион байгуулсан бөгөөд өчигдөртөө багтан шалгалтыг авч дуусчээ. Албаныханы мэдээлж буйгаар Төрийн албаны зөвлөл ирэх пүрэв гаригт хуралдаж шалгалт өгсөн хүмүүсийн материалтай танилцаж эцсийн байдлаар баталгаажуулах аж. Үүний дараа нэгдсэн дүнг Засгийн газарт хүргүүлэх юм байна. Харин эцсийн хариуг Засгийн газраас олон нийтэд мэдээлнэ.
Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгох үйл явц ингэж өрнөсөн нь хуулийн дагуу мэт харагдав ч тодрох хүн нь тодорхой, урдаас төлөвлөгдөж, зохицуулчихсан байдаг гэх мэдээлэл бий. Өчигдөр болсон шалгалтад МАН-ын хэд, хэдэн залуу өрсөлдсөн байна. Тэд бод горьдлого тээгчид. Хэдий ажлын туршлагатай, мэдлэг боловсролтой залуус уг албан тушаалд өрсөлдсөн гэж буй ч хачир дээрээ шалгалтаа хамгийн сайн өгсөн нь бус намынхаа удирдлагуудыг хэн сайн тойглосон, хамгийн их хандив өгсөн нь албан тушаалд очих нь тодорхой юм. Ер нь бол шалгалттай, шалгалтгүй Төрийн нарийнуудын нэрийг аль хэдийн тодруулчихсан гэх. Шалгалт авсан болж олон нийтийн хэл амнаас зугтсан нь энэ.
Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгох үйл явц ингэж өрнөсөн нь хуулийн дагуу мэт харагдав ч тодрох хүн нь тодорхой, урдаас төлөвлөгдөж, зохицуулчихсан байдаг.
Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав тэргүүтэй зарим хүн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын ажлын өрөөний үүдийг сахиж өнжсөн сураг байна. Түүний хувьд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад горилж буй мэдээлэл бий. Ямартай ч МАН дотор уг албан тушаалын төлөөх тулаан ширүүхэн өрнөж байна. Бараг бүгд л Төрийн нарийн болчихоор жиг, жуг ярилцаж дээр, дооргүй дарга нарыгаа царайчилж байгаа гэх.
МАН-аас доорх нэр бүхий хүмүүсийг ТНБД-аар томилох тохироо хийсэн гэх урьдчилсан мэдээлэл байна.
Үүнд,
Гадаад харилцааны яамны ТНБД-аар өмнө нь Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч,
Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан,
Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар Т.Ганди
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нарын нэрийг тодруулсан гэж буй. Харин Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яамны ТНБД-ын даргын томилгоог түр түдгэлзүүлж энэ сарын сүүлээр явуулахаар болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)