УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрсөн баасан гаригт хаасан бол намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх аж. Хуулиараа жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулганыг нээж, сар шинийн өмнөхөн чуулганыг хаадаг бол хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 5-нд нээж, үндэсний их баяр наадмын өмнө завсарлуулж ирсэн билээ. Энэ дагуу бол ирэх сарын 1-ны өдөр намрын чуулганыг нээх бололтой.
“Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хууль санаачлагчаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 14, Засгийн газраас 54, Улсын Их Хурал дахь намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал ирүүлжээ. Эдгээр төслийг бүгдийг нь Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж батлах боломжгүй учраас эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэхээр заасан болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэгдсэн, түүнчлэн өмнөх Улсын Их Хурлын үед батлагдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчмыг баримтлан, хэлэлцэх асуудлын дарааллыг гаргах аж.
Мөн Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хуулиар зайлшгүй хэлэлцэхээр тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад харилцааны тухай, Ач санах тухай зэрэг 19 хуулийн төслийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна.