ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хууль зүй, Дотоод хэргийн яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд С.Бямбацогт ноён Элчин сайдтай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд нүүр тулан уулзаж, дотно танилцаж байгаадаа баяртай байна гэв. Цаашдаа ОХУ-ын Хууль зүй, Дотоод хэргийн яамдтай илүү ойр нягт хамтран ажиллах талаар анхаарч байгааг дуулгав.
Мөн тус яамны эрхлэх асуудалд Оюуны өмчийн асуудал хамаарах болж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсаныг дурдаад 2 хоногийн өмнө Улаанбаатар хотноо Монгол-Орос-Хятадын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх Бага хурал амжилттай болж өнгөрснийг тэмдэглэв.Мөн МУ-ын ХЗДХЯ ОХУ-ын Хууль зүйн яам, Дотоод хэргийн яамтай олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй гээд хоёр орны цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр зэрэг харъяа агентлагуудын уламжлалт харилцааг илүү шинэ шатанд гаргаж ажиллах шаардлагатайг онцлов. Түүнчлэн МУ-ын хууль зүйн салбараас гадаадад суралцагчдын 85 хувь нь ОХУ-д бэлтгэгдэж буйг хэлэв. Ойрын үед ОХУ-ын Дотоод яамны Төрийн нарийн бичгийн дарга МУ-д айлчлал хийнэ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайдын хувьд хоёр талын айлчлалын давтамжийг ойртуулах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах тал дээр анхаарна гэдгээ Элчин сайдад дуулгалаа. Монгол Орос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болоод 2 жилийн нүүр үзэж байна. Ялангуяа монгол иргэд ОХУ-ын хөрш зэргэлдээ Эрхүү, Улаан-Үд хотод аялах, амрах, худалдаа наймаа хийх зорилгоор ихээхэн зорчих болсон. Үүнтэй холбоотойгоор тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудалд талууд анхаарч ажиллах шаардлага байгааг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт онцлов. Түүнчлэн хоёр орны хооронд олон жил шийдэгдэлгүй өнөөг хүрсэн үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг аль аль талдаа ашигтайгаар шуурхай шийдвэрлэхэд шинэ Засгийн газар анхаарч байгааг тэмдэглэв. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбарын асуудал хариуцсан сайд нарын уулзалтыг зохион байгуулах нь ихээхэн үр дүнтэй гэдэг дээр санал нэг байгаагаа илэрхийлээд ажил хэрэг болгох чиглэлээр бүх хүчээ дайчлан ажиллах болно гэв.Ноён Элчин сайд МУ-ын ХЗДХЯ, түүний харъяа байгууллагуудын ажилтан албан хаагчид, боловсон хүчнийг ОХУ-д сургаж бэлтгэх ажил цаашид улам өргөжинө гэдэгт найдаж байна гэв.
Түүнчлэн энэ оны 11-р сарын 14-нд Монгол Орос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсны 2 жилийн ой тохиож байгааг онцлоод Монголыг зорих Оросын жуулчдын тоо 2 дахин нэмэгдсэн гэдгийг дурдав. Тиймээс талууд жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр харилцан анхаарах нь зүйтэй гэдэг дээр санал нэг байна гэлээ. Түүний зэрэгцээ хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилээр нэвтрэх хугацааг багасгаж үйлчилгээг хөнгөвчлөх тал дээр анхаарч энэ чиглэлээр үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэлээ. Элчин сайд И.К.Азизов уламжлалт найрсаг харилцаатай МАН-ын Засгийн газартай бүх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлэхэд таатай байна гээд ялангуяа хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байна гэв. Талууд мөн энэ жил тохиож буй Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцов.