Засгийн газрыг огцруулахаар парламентын гишүүд гарын үсэг зурж эхэлжээ. Энэхүү мэдээлэл ойрын өдрүүдэд шаргал ордон болоод цахим ертөнцөд газар авав. Засгийн газрын тэргүүн оруулж ирсэн төсвийн тодотголоосоо болж хүндхэн байдалд орж байгаа нь энд дурьдагдсан. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлгээс Засгийн газрыг татвар нэмэх тогтоолын төслөө эргүүлэн татуулах улс төрийн шийдвэр гаргасан.
Ямартай ч Засгийн тэргүүнийг огцруулах саналыг АН-ын бус өөрийнх нь намынх гишүүд болох Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Харин энэхүү мэдээллийг зарим гишүүд үгүйсгэж байна. Тэгвэл үйл ажиллагаагаа эхлүүлээд бүтэн хоёр сарын нүүр үзээгүй Засгийн газрыг огцруулах талаарх мэдээлэлд иргэд хэрхэн хандаж байгааг сонирхолоо.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Самбуу:
-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн, эхлээгүй гэх мэдээлэл хоёр хоног хөвөрлөө. Та үүнийг иргэн хүний хувьд хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Улс төрийн хүчнийхэн сонгуулийн маргааш л ард түмнээ мартддаг гэдгийг энэ удаа МАН-ынхан тодхон харууллаа. Сонгуулийн өмнө хичнээн сайхан амлалт өгч бидний саналыг авсан билээ. Гэтэл өнөөдөр цалин хөлсийг бууруулна, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг өөрчилнө гээд байгаа нь үнэхээр хачирхалтай санагдаж байна. Эхнээсээ ингэж ард түмэндээ хатуурхаж байгаа Засгийн газрыг миний хувьд огцрох нь зүйтэй гэж үзэж байна.
Ажил хийх хүн нэг өөр, хийж чадахгүй хүн бас нэг өөр байдаг шүү дээ. Үнэхээр огцрохгүй гэж байгаа бол хийж хэрэгжүүлдэггүй юм аа гэхэд өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлыг үгүй хийхгүй цааш үргэжилүүлээсэй л гэж хүсч байна.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн Б.Тогтох:
-Засгийн газрыг ойр ойрхон солиод байх нь тийм тохиромжтой зүйл биш. Монгол Улсыг дэлхий нийт харж байна. Гэхдээ үнэхээр чадахгүй, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээ сайхан амьдруулж чадахгүй бол огцрох л хэрэгтэй. Аливаа ажлыг хэн ч байсан хийж чадвал хийсэн шиг л хийх хэрэгтэй. Үнэхээр чадахгүй бол хийж чадах хүнд нь үнэнээ хэлээд өгөх нь илүү амар шүү дээ. Яг үнэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажил хүлээж авсан эхний өдрөөсөө л халаас тэмтрээд эхэлчихсэн. Бид сонгуульд санал өгөхдөө үнэхээр Монгол Улс хөгжиж, ард түмний амьдрал сайхан болох нь гэж бодож, санал өгсөн. Гэсэн ч өнөөдөр бүх зүйл эсэргээрээ болчихлоо. Үнэндээ гишүүд Засгийн газрын нөөц хөрөнгө, улс орны эдийн засаг ямар байдалтай байгааг төсөөлөөгүй байна гэж огт байхгүй л баймаар юм. Улс төрийн унаган хүчин ийм сонин зүйл хийж байгаад харамсаж байна. Үнэндээ улс орны эдийн засаг хүндэрсэн бол ард түмнийхээ халаасыг тэмтэрч төсвөө бүрдүүлнэ гэж хулгайч царайлахын оронд өөр арга гарц хайх хэрэгтэй ш дээ.
Ер нь энэ их өр төлбөр гэж иргэдийн тархийг угааж, худал хэлээд байгаа зүйлээ болих хэрэгтэй юм. Тэр их өр гээд байгаа зүйлд чинь хувийн хэвшлийн компаниудын өр төлбөр байгаа юм байна лээ үнэндээ. Үнэхээр хувийн компанийн өрийг улсын өр гээд төлөх гээд байгаа бол миний ч гэсэн банкны өрийг төлөх хэрэгтэй. Ард түмэн бидний дунд өр төлбөргүй хүн байхгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад энэ Засгийн газар тийм ажил хийжээ, ийм ажил хийхээр болжээ гэсэн нэг ч мэдээлэл гарахгүй юм. Харин тэр ажлыг үргэлжлүүлэн хийхээргүй болжээ, тийм хөтөлбөрийг зогсоолоо гэдэг зүйл л яригдаад байна. Уг нь эхнээсээ хийх ажил нь тодорхой бол ард түмэн ч үнэлэлт дүгнэлтээ сайн өгнө байх гэж бодож байна.
СХД-ийн 4 дүгээр хорооны иргэн Т.Батсүх:
-Засгийн газар ажлаа эхлүүлж, мөрийн хөтөлбөрөө ч батлуулаагүй байхад нь огцруулах тухай ярьж байгааг миний хувьд буруу гэж үзэж байна. Дэлхийн жишгээр Засгийн газрыг 100 хоногийнхоо ажлыг тайлагнаагүй байхад ийм зохисгүй мэдээлэл гаргаж байгаад нь харамсаж байна. Үүнийг би МАН-ынхан дотооддоо бялуу хуваахын тулд л гаргаж байгаа зүйл гэж ойлгож байгаа. Нэг үгээр хэлбэл намын дарга нь парламентын дарга болсоноос улбаатай юм. Түүнээс бус намын дарга нь Засгийн газрын тэргүүн байсан бол өнөөдөр ийм зүйл яригдахгүй байсан байх. Яг энэ байдлаараа бол иймэрхүү асуудал зөндөө гарч, үргэлжилнэ л гэж харж байна даа.
Ер нь Засгийн газрын шийдвэр болгон хүн бүрт таалагдах албагүй. Улс орны хөгжилд аль, ямар шийдвэр нь хэрэгтэй байна түүнийгээ л хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс бус хүн бүрт таалагдах гээд нэг гаргасан шийдвэрээ эргэж нураагаад байж болохгүй санагдана. Ингээд байвал ажил хэзээ ч урагштай явахгүй шүү дээ. Тиймээс хэрэгжүүлэх ажлаа зоригтой л хийх хэрэгтэй юм. Харин буруу зөрүүг нь дөрвөн жилийн дараа угаасаа ард түмэн дүгнэчихнэ.
Хэнтий аймгийн иргэн: Ч.Сувдаа
-Сүүлийн жилүүдэд улс төрийн эрх барьж байгаа нам, эвслүүд ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийсэнгүй. Засаг төр солигдоод арай өөр болох юм байх гэж бодож байсан ч энэ байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч өдөр ирэх бүр улам л муудаж байна. Хүүхдийн 20 мянган төгрөг бидний амьдралд их хэрэг болдог. Гэтэл өнөөдөр түүнийг нь өгөхгүй болохоор хоолгүй ч хонож байгаа айл олон боллоо. Бидний насны 40 гарсан хүмүүст олдог ажлын байр ч гэж алга. Арга ядаад ууланд гарч самар түүгээд зарахаар цагдаа нар нь дарамталж, хураагаад торгоод байх юм. Аливаа улс орны хөгжил гэдэг айл нэг бүрээсээ эхэлж, иргэн нэг бүрийнхээ амьдралаас л хамааралтай болов уу гэж ойлгодог. Гэтэл дундаж амьдралтай, түүнээс доош амьдралын боломжтой хүмүүст төрд засгийн бодлого огт хүрэхгүй юм. Уг нь хамгийн наад зах нь л гэхэд самар зарж байгаа иргэдээ л дарамталж, хоолыг нь булаадаггүй болгочих л доо. Бид чинь хятадын хортой бараа оруулж ирээд иргэдээ хордуулаагүй, байгаа орчноо цэвэрлээд л хэдэн төгрөг олж, ар гэрээ тэжээх гээд зүтгэж яваа Монгол Улсын иргэн шүү дээ. Засгийн газар бодлогын хувь энэ бүхнийг зохицуулаад ард түмнийхээ төлөө ажиллаад эхэлвэл заавал солиж, холих хэрэг байхгүй л гэж бодож байна. Хэрэв огцруулвал бас л олон хүн ажилгүй болно байх даа.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)