МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАН-ын удирдлагуудтай холбоотой ноцтой бичлэгийг олон нийтэд дэлгэсэн билээ. МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар албан тушаалын наймаа болон сонгуулийн мөнгөө хэрхэн босгох талаарх төлөвлөгөөгөө ярьж буй нь тэрхүү бичлэгт үлдсэн байна. Тэрбээр “МАН-ынхан бид ялна гэж өөрсдөө итгэлтэй ярьж байсан. Цаад зорилго нь албан тушаалын наймаа, авлигын асар том сүлжээг ингэж хийдэг байдаг юм байна. Сонгуулийн үеэр гаргаж байгаа зардал, олон хүнийг ажиллуулж байгаа цалин, худал үнэн, муу, муухай юм яриулж байгаа мөнгийг Монгол Ардын намынхан ийм аргаар олдог юм байна гэдэг нь ил боллоо. Бид ийм муухай төрд шигдсэн авлигал, мафийн сүлжээг таслан зогсоож, өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.
Энэхүү бичлэгийг олон нийт янз бүрээр хүлээж авч байна. Иргэдийн байр суурийг сонирхлоо.
Чингэлтэй дүүрэг Д.Төмөрбаатар
-Тэр бичлэг үнэн байх. Эвлүүлэг, худал бичлэг гэж ярьсан байна лээ. Сүүлийн үед албан тушаалаа наймаалцдаг зүйл газар авч байх шиг байна. Тэр намын л хүн байвал мэргэжилгүй байсан ч ажилтай болж байна. Тийм зүйл байж болохгүй. Төрд зөв сэтгэлтэй, мэдлэгтэй хүмүүс гарах ёстой. Гэтэл албан тушаал наймаалца, авлигын сүлжээ бий болгох тухай яриа хэзээ ч байж болохгүй.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн З.Ариунтунгалаг
- Нөхөр бид хоёр хоёулаа төрийн албан хаагч. Нөхөр байрны зээлтэй. Харин би цалингийн зээлтэй. Хэрвээ бид ажлаасаа халагдвал яаж амьдрах болж байна. Хоёр хүүхдээ яаж тэжээх юм бэ. Иргэдээ бодохгүй, зөвхөн сандал ширээний төлөө тэмцэлдэж байгаа МАН-ынханд уур хүрч байна. Иргэдийг сонголтоо зөв хийгээсэй гэж л хүсч байна.
Чингэлтэй дүүргийн иргэн
- Иргэд сонголтоо зөв хийгээсэй. Монгол Ардын намыг тулхтай, улс төрийн хүчин гэж боддог байсан. Гэтэл сүүлийн үед Ардын намын талаар янз бүрийн л юм сонсогдох боллоо. Газрын наймаа, албан тушаалын наймаа л гэнэ. Манай хүүхдүүд төрийн албанд ажилладаг. Гэтэл одоо Ардын нам гарвал ажлаасаа халагдана гэсэн үг үү. Уг нь Ардын нам гараасай гэж бодож байсан юм. Бодоод байх нь Ардчилсан нам нь муу ч , сайн ч хийсэн ажлаа үргэлжүүлээд дахиад дөрвөн жил ажиллаад үзвэл хот, хөдөөгүй сайхан болох байх.
Иргэн Ц.Дэлгэрмаа
- Сав газрын захиргаа 2012 онд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Гэтэл БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхорол томилогдож ирээд Сав газрын захиргааг дахин байгуулах тушаал хоёрдугаар сарын 26-нд гарж, 27-нд 17 сав газрын даргыг ажлаас нь зэрэг чөлөөлсөн. Бид захиргааны хэргийн шүүхэд хандсан. Гэтэл яамнаас шүүхэд “Эд нар үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшиний үнэлгээ нь хангалтгүй байсан” гэсэн дүгнэлт гаргасан байсан. Мөн бидэнд тэтгэлэг олгосон гэсэн байсан. Гэтэл бидний хэнд нь ч тэтгэлэг олгодоогүй.
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Сүрэн
- Ардчилсан нам муу, муухайгаар хэлүүлсэн хэрнээ их ажил хийсэн гэж боддог. Ямар ч байсан нүдэнд харагдаж, гарт баригдаж ажил хийсэн. Гэтэл Ардын намынхан Ардчилсан намын хийсэн бүхнийг харлуулах сурталчилгаа их хийх юм. Уг нь улс төрд удаан суучихсан, мундаг боловсролтой хүмүүс гэж боддог байсан. Гэтэл төрийн албыг наймаалцана гээд сууж байгаа нь үнэхээр таалагдаагүй. Би залуу хүн аль нэг намыг дэмжихгүй бол ажилд орж чадахгүй гэсэн үг үү. Монгол ардын намын нэг дарга нь тийм бичлэг байснаа хүлээн зөвшөөрсөн байсан. Ил гарч байгаа нь тэр болохоос далд ямар ч асуудал ярьдаг юм билээ, мэдэхгүй шүү дээ.
Иргэн Л.Болдбаатар
- МАН Засгийн газарт ганц жил хамтрахдаа хэдэн мянган төрийн албан хаагчийг хоморголон халсан. Үүний хохирогч нь би. Хөдөлмөрийн салбар, хөдөлмөрийн хэлтэс гэдэг байхгүй байхад бид байгуулж байсан. Хөдөлмөрийн хэлтэс өөрийн гэсэн байртай, хэн ч ороод үйлчлүүлсэн сэтгэл дүүрэн гардаг болсон. Байхгүйгээс өдий болтол нь бид ажилласан. Гэтэл МАН-ынхан биднийг гудамжнаас орж ирсэн нөхдүүд гэдэг үндэслэлээр хоморголон халсан. Энэ үйлдлээ ирэх дөрвөн жилд давтах гэж байгаад үнэхээр дургүй хүрч байна.
Баянгол дүүргийн иргэн Х.Эрдэнчулуун:
- Би Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлстийн даргаар ажиллаж байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгсөн, удирдах ажилтны шалгалтад орсон. Төрийн алба, тэр дундаа гаалийн албанд 11 жил үр бүтээлтэй ажилласан хүн. Төрийн удирдах алба, хөдөө орон нутагт ч ажиллаж байсан. Гэтэл миний оронд томилсон хүн нь төрийн албаны ямар ч шалгалт өгөөгүй, МАН-ын ажлын албанд ажиллаж байсан гэсэн. Тэгээд түр орлон гүйцэтгэгч юм билээ. Би нам засгаас хамаарагүй төрийн албанд 20,30 жил ажилласан хүн шүү дээ. Гэтэл МАН-ын гишүүн биш гэдэг үндэслэлээр л халчихсан.
Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (8)