АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах үндэсний хороо өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар чуулга уулзалтын бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.
Тухайлбал, Шангри-Ла дахь хэвлэлийн төвийн тохижилтын ажлыг зургаадугаар сарын 10-ны дотор эхлүүлж, интернэт сүлжээ, кабель холбохыг даалгалаа. Мөн долоодугаар сарын 14-17-нд хуваарьт нислэгээр ирэх, явах зорчигчдыг “Буянт-Ухаа” спорт цогцолбороос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүргэх, нисэх буудлаас тосох замын маршрутыг баталж, агаарын хөлгийн нөөц бүрдүүлэх тухай хэлэлцсэн байна. Мөн “Чингис хаан” нисэх буудлын хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна. АСЕМ-ын дээд төвшний 11 дүгээр уулзалт долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.