Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 1997 онд баталсан Геодези, зураг зүйн тухай хуульд байр зүйн зургийн ангиллыг нарийвчлан тусгаагүй бөгөөд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 32 дугаар зүйлд 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын газрын зургийг төрийн нууцад хамааруулахаар заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас болоод бүх төрлийн геодезийн хэмжилтийн үр дүнд бий болсон байр зүйн зургийг дэд бүтцийн салбарт ашиглах, нийтийн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй байгаа. Түүнчлэн газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа аж. Иймээс энэ асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчныг Геодези, зураг зүйн тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. Тус байнгын хороо эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгуулийн үе шатны ажил эхэлчихсэн энэ үед хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан болон зайлшгүй шаардлагатай гол асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх үүднээс Улсын Их Хурлын удирдлагууд ярилцаж тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа тул нэгэнт хэлэлцэж эхэлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжээд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан хуралдаан даргалагч Р.Гончигдорж өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд орсон Шүүх байгуулах тухай хууьд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.