Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан амь насаа алдсаны дараа Тост, Тосонбумбын нурууны асуудал олны анхаарлын төвд орсон.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, Д.Бат-Эрдэнэ нарын 7 гишүүн хамтран Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлээд байгаа билээ. Уг газрыг хамгаалтад авах шаардлагатай гэдгийг ч олон нийт хэлж, хүсч байгаа юм. Тэгвэл Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах шаардлагатай гэгдэж буй 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд тохиолдсон харамсалтай явдлаас үүдэн олон нийт дэлхий дээрх цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цор ганц бүс нутаг болох Тост-Тосонбумбын нурууг илүү сайн мэддэг болж тусгай хамгаалалтад авахыг шаардах болсон.
Баримт 2. Ирвэс хамгаалах сан, Өмнөговь аймаг, ГурванТэс сумын удирдлага иргэд олон нийтийн зүгээс 2009 оноос хойш жил бүр Тост-Тостбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд оруулах санаачлагыг гаргаж, Засгийн газарт оруулж ирсэн боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа аж.
Баримт 3. Засгийн газраас "улсын нөөцөд бүртгэлээ" гэсэн зүйлийг гаргаж, иргэдэд Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан мэтээр ойлголт өгөв.
Баримт 4. Гэвч энэ нь тодорхой хугацааны дараа дахин уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тийм учраас нэр бүхий гишүүд улсын тусгай хамгаалалтад авах ёстой гэж үзэж байгаа аж.
Баримт 5. Тогтоолын төслийн хүрээнд нийтдээ 896.5 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Баримт 6. Тус газрыг тусгай хамгаалалтад авснаар тус бүс нутагт байгаа хайгуулын болон ашиглалтын нийт 16 лицензийг цуцлах шаардлага гарах юм байна.
Баримт 7. Тост-Тосонбумбын нурууны орчим олгогдсон лицензийг цуцлахын тулд төр нөхөн олговор өгөх ёстой гэсэн тайлбар хийж буй. Хэрэв нөхөн олговор өгөх бололцоогүй бол нурууг хэсэгчилж хамгаалаад одоо байгаа арван хоёр лицензийг хүчин төгөлдөр үлдээх асуудал хөндөгдөж байна.
Баримт 8. Хаврын чуулганаар Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч чадахгүй бол дахин аврал эрэх боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй аж.
Баримт 9. Уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах нь зөвхөн ирвэс хэмээх ганц амьтны хувь заяатай холбоотой асуудал биш юм. Үүний цаана ирвэсийн шүхэр дор амьдарч буй аргаль хонь, янгир ямаа болон 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ховор болон ховордсон ургамлыг хамгаална.
Баримт 10. Мөн нийт газар нутгийнхаа 37 хувийг лицензид өгч, амьдрах орчин нь хумигдаад буй Гурвантэс сумын малчин иргэдийн амьдралын баталгааг хангах, усны нөөцийг нь хамгаалах, түүхийн дурсгалт газар, өв соёлыг нь хадгалж үлдэх боломж бүрдэх юм.
Баримт 11. Дэлхий дээр цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цор ганц бүс нутаг бол Тост-Тосонбумбын нуруу юм. Мөн ирвэс нь тухайн бүс нутаг онгон зэлүүд байдлаа хадгалж үлдсэн, унаган төрхөөрөө байгаа гэдгийг илэрхийлэх үндсэн үзүүлэлт болдог байна.
Баримт 12. Уул уурхайн үйлдвэрлэл явуулах ямар нэг боломж олгох юм бол талбай нь их, бага байх, Тостын нурууны бэл, захад байх эсэх нь ямар ч хамаагүй. Учир нь ирвэс маш соргог амьтан. Энэ бүс нутагт багахан нөлөөлөл үзүүлэхэд ирвэс, түүний шүхэр дор амьдарч буй амьтад устана.
Баримт 13. Энэ бүс нутгийг хамгаалахын тулд Тост-Тосонбумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах цор ганц сонголт бий. Түүнээс биш, хэсэгчилж хамгаалалтад авна, лицензийн тоог бууруулсан зэрэг тайлбар нь ямар ч үр дүнгүй хэрэгцээгүй зүйл юм.
Баримт 14. Тост-Тосонбумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. Энэхүү газар нь дэлхийд нэн ховордож улаан дансанд орсон Цоохор ирвэсийн дэлхий дээрхи хамгийн өндөр нягтаршилтай нутаг гэж судлаачид тогтоосон.
Баримт 15. Хамгаалалтад авахаар санал болгож буй нутаг нь Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар болон Говийн Их Дархан Цаазат газартай хил залган оршдог тул аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, хавтгай, мазаалай гэх мэт нэн ховор амьтдын шилжин нүүдэллэх экологийн гол коридор нутаг юм.
Баримт 16. БОНХАЖЯамны захиалгаар 2011- 2013 онд “Дэ Нэйчэ Консерванси” Олон улсын байгууллага Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд орсон.
Баримт 17. Нутгийн удирдлага энэхүү онцгой эмзэг экосистемтэй газар анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2014 оны 04-р сарын 25-ны өдрийн хурлын тогтоолоор Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668,912 га талбайг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон.
Баримт 18. БОНХАЖЯам, МУИС-тай хамтран 2008 оноос хойш Тост Тосон бумбын нуруу нь судалгаа шинжилгээний лаборатори-эталон сонгогдож Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан, ОУ ирвэс хамгаалах сан, Шведийн Гримзо судалгааны төв гэх мэт гадаад дотоодын хэд хэдэн байгууллага хамтран дэлхийд анх удаа цоохор ирвэсний урт хугацааны судалгаа шинжилгээний суурин төв тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа ба энэхүү судалгааны ажлыг дэмжих, тодорхой үр дүн гаргах боломжийг бүрдүүлнэ.
Баримт 19. Байгаль хамгааллын үндсэн үзэл баримтлал болох нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын шинэлэг үйл ажиллагааг 1998 оноос хойш Ирвэс Хамгаалах Сан ТББ нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан хөгжүүлж нутгийн ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, амьдралд дэмжлэг үзүүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нутгаа хамгаалах ард иргэдийн санал санаачлагыг дэмжихэд чухал үүрэгтэй.
Баримт 20. Тухайн нутагт говийн ховор амин сүнс болсон баянбүрдүүд, хайлаасан бүрдүүд, Зулганайн гол гэх мэт “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу хамгаалагдах чухал газрууд бий.
Баримт 21. Тост-Тосонбумбын нуруу нь цоохор ирвэс түүний экосистемийн хамгаалалтад чухал ач холбогдол бүхий газраас гадна 290 малчин өрх 31,000 гаруй малтайгаа энд суурьшин амьдарч ирсэн нутаг юм.
Баримт 22. Гурвантэс сумын хэмжээнд 2,9 сая га газартай ба үүний 37 хувь буюу 1 сая га газар нь 2006 оноос эхлэн уул уурхайн лиценцээр олгогдсон байдаг нь малчдын бэлчээрт нөлөөлөн тогтвортой амьжиргаагаа эрхлэхэд бэрхшээл учруулж байгаа билээ.
Баримт 23. Өнөө үед эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөх эрсдэл их байгаа бөгөөд цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн Улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардагатай байна.
Баримт 24. Уул уурхайн хөгжлийн явцад байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах бодлогын хүрээнд одоогийн байдлаар тус суманд үйл ажиллагаа явуулж буй Өсөх зоос, Саусг Гоби Сэндс компаниуд дүйцүүлэн хамгаалах ажлаа Тост-Тосонбумбын нуруунд хийхээр сонгон авч ажиллаж байгаа нь тус нутгийг хамгаалалтанд авах зайлшгүй болохыг харуулж байна.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (6)