Норвеги улсын Лиллехаммер хотод болсон залуучуудын өвлийн II олимпийн наадмаас манай улсын тамирчин Б.Сумъяа алтан медаль хүртэж Монгол Улсын анхны өвлийн олимпийн аварга болсон билээ.
Долоон наснаасаа өвлийн спортоор хичээллэж, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд энэхүү амжилтын эзэн болсон Залуучуудын олимпийн аварга Б.Сумъяагийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Б.Сумъяа Залуучуудын өвлийн II олимпийн наадмаас “Гүйлтийн тэшүүр”-ийн төрөлд оролцож аварга болов.
Баримт 2. Тэрбээр олимпийн аварга болсныхоо дараа “Би олимпийн аварга болчихлоо гэж үү” гэж өөрөөсөө асууж, их баярлаж байсан талаараа ярьжээ.
Баримт 3. 17 настай Олимпийн аварга болсон тэрбээр 1999 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн байна.
Баримт 4. Харин таван настайдаа сургуульд орж, зургаан настай байхад ээж нь анх котокоор гулгуулж үзүүлж байжээ.
Баримт 5. Тэрбээр найман настай болдог жилээ хөгжмийн дугуйланд явж эхэлжээ.
Баримт 6. Гэвч тус төлбөртэй дугуйландаа явахгүй төлбөрийн мөнгөөрөө коток тоглодог байсан талаар дурсан ярьжээ.
Баримт 7. Б.Сумъяад тэшүүрийн спортын А үсгийг Олон улсын хэмжээний мастер С.Мандах, Д.Нацагдорж дасгалжуулагч нар зааж өгсөн байна.
Баримт 8. Тэрбээр найман настайдаа анх аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд орж, мөнгөн медаль хүртжээ.
Баримт 9. Мөн есөн настайдаа Дархан-Уул аймгаас улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан гэнэ.
Баримт 10. Б.Сумъяа тэшүүрийн спортоор хичээллэхийн тулд 2010 онд Улаанбаатар хотод шилжин ирж Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургуульд оржээ.
Баримт 11. Тэрбээр энэ үеэсээ гавьяат Л.Цэндийн удирдлага дор бэлтгэл хийж байгаад өнгөрсөн жилээс Д.Энхбаяр багшийн удирдлага руу шилжжээ.
Баримт 12. 2013 оноос хойш Олимпийн наадамд оролцох зорилготойгоор бэлтгэл хийж эхэлсэн байна. Энэ хугацаанд Олон улсын хэмжээний мастер болсон юм.
Баримт 13. Тамирчдын ихэнх нь л хувцас, хэрэглэлээ өөрөө хувиараа авдаг. Тэгвэл Б.Сумъяа тэшүүрийнхээ гутлыг хувиараа хийлгэсэн бол тэшүүрийн ирийг нь Тэшүүрийн холбооноос түүнийг олимпийн наадамд оролцох гэж байгаа гээд бэлэглэжээ.
Баримт 14. Насанд хүрэгчдийн олимпийн наадамд оролцох, медаль авах нь түүний хамгийн том зорилго гэнэ.
Баримт 15. Монгол Улсын анхны “Олимпийн аварга” болсон Б.Сумъяа нь Дархан сумын 13 дугаар багийн иргэн юм.
Баримт 16. Олимпийн аварга Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн "Хүндэт иргэн" цол тэмдгээр шагнасан бол дасгалжуулагч Д.Энхбаярыг "Найрамдлын Дархан” тэмдгээр тус тус шагнав.
Баримт 17. Өвлийн Олимпийн аваргын ээж Г.Цэцэгээ нь залуудаа сонирхлын дагуу тэшүүрээр гулгадаг байжээ. Тэрбээр Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүн амын хөгжил хариуцсан мэргэжилтэн хийдэг аж
Баримт 18. Харин аав Г.Буянтогтох нь бас хоккей чамгүй тоглодог нэгэн гэнэ .
Баримт 19. Эднийх дөрвөн хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь Б.Сумъяа юм байна.
Баримт 20. Норвегийн Лиллехаммерын Олимпийн наадамд түрүүлсэн тэрбээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин юм.
Баримт 21. Б.Сумъяа гүйлтийн тэшүүрийн өсвөр үе залуучуудын улсын рекордыг 18 удаа шинэчлэн тогтоосон
Баримт 22. Тэрбээр дугуйн спортоор мөн хичээллэдэг бөгөөд 2014 онд уулын болон засмал замын дугуйгаар хуурай замын аварга шалгаруулах тэмцээнд аварга болсон юм. Мөн 2015 онд засмал замын цуваа гараатай төрөлд мөн түрүүлсэн амжилт үзүүлж байжээ.
Баримт 23. Б.Сумъяа 2015 онд спортын мастер, 2016 онд олон улсын хэмжээний мастерийн болзол хангажээ.
Баримт 24. Түүний гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүүлэн “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан бол Засгийн газраас Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (1)