Өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлуудыг дахин сануулъя. МАН, МАХН төрсөн өдрөө хамтран тэмдэглэсэн, Нарантуул шатсан, байгалийн онц, ноцтой үзэгдэл болсон, ХҮН-ынхан бужигнасан гээд үйл явдлаар дүүрэн нэгэн долоо хоногийг бид үдэж байна.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Өнгөрсөн долоо хоногт МАН, МАХН нар хамтран 95 жилийн ойн баяраа тэмдэглэв. Тус хоёр нам төрсөн өдрөө хамтран тэмдэглэсэн нь ирэх сонгуульд чимээ өгсөн үйл явдал боллоо. Таван жилийн турш хагаралдаж байсан намын удирдлагууд гар барьж, эвлэрсэн нь эрх баригч АН-ыг хүртэл сандаргаад авав. АН-ын дарга З.Энхболд сонгуульд МАН, МАХН-ын эсрэг ганцаараа орвол ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж буй учир ИЗНН, МҮАН-тай нэгдэх ажлыг яаравчилж буй сураг байна. Энэ бүхнээс харахад МАН+МАХН, АН+ИЗНН, МҮАН гэсэн хувилбарууд ирэх сонгуулийн өнгө төрхийг тодорхойлохоор байгаа юм. Эвсэх асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр нам нэгдэх тухай яриа хууль эрх зүйн талаасаа ч бэлтгэл ажлын талаасаа ч цаг хугацааны хувьд боломжгүй болсон гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа. Харин УИХ, орон нутгийн сонгуульд эвсэн нэг субьект болж оролцох боломж нээлттэй байгаа” гэсэн бол МАН-ын дарга М.Энхболд энэ талаар ямар нэгэн үг хэлээгүй юм. Үүнээс үзвэл хоёр намыг эвсүүлэх сонирхол МАХН-ын дарга Н.Энхбаярт илүү байна гэж харж болохоор байгаа. Ер нь хоёр намыг нэгтгэх асуудлыг МАХН л эхэлж хөндсөн. Баяраа хамт тэмдэглэх саналыг ч анх тус нам гаргасан шүү дээ. Тэгэхээр эвсэх асуудлаар М.Энхболд илүү их бодож, Н.Энхбаяр хүлээх өдрүүд үргэлжлэх нь. Хоёр нам нэгдэх асуудал яригдаж эхлэх үед хүмүүс “М.Энхболд Н.Энхбаярыг хүлээж авахгүй. Нэгэн цагт өөрийг нь яаж тонгорч байлаа. Мөн Н.Энхбаярын нэр АТГ-аас салахаа больсон. Одоо ч тус газарт шалгагдаж байгаа. Хээль, хахууль, гэмт хэрэгт холбогдож дуусдаггүй хүнтэй хамтрах нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө” гэх мэтээр ярьж байсан. Гэтэл М.Энхболд хаяад явсан Н.Энхбаярыг өөртөө нэгтгэж, өөд нь татаж буй нь сонгуулийн өмнөх улс төрийн тоглолтоо эхлүүлэв үү гэж харахад хүргэж байна. Эсвэл ханилж явсан нөхрөө хүнд хэцүү цагт нь түшиж авах ноён, нуруу гаргаж ч болох юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Н.Энхбаяртай холбоотой 500 сая төгрөгийн хэрэг сөхөгдөж АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэж буй. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийг нь авлигалын хэрэгт холбоотой гэж зарласнаас эхлээд түүнийг нээнтэглэх олон зүйл хууль, хяналтын байгууллагад байна. АТГ-ын овоо хараанд өртсөн Н.Энхбаярын хувьд үнэхээр хүндхэн нөхцөл байдалтай байгаа гэж хэлж болно. Тиймээс тэрбээр асуудал хурцдахаас өмнө намаа МАН-ын хаяаг түшиж, унаж буй нэр хүндээ сэргээх гэж зүтгэж байна. Харин МАН-ын М.Энхболд найр тавин түүнийг угтаж авлаа. Үйл явдал цааш яаж өрнөх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
ОНЦЛОХ ҮЗЭГДЭЛ: 2016 оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Мөн өнгөрсөн шөнийн байдлаар байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд өчигдөр 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж, Архангай болон Баян-Өлгий аймгийн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Сураггүй болсон иргэдийн дунд гадаадын 12 иргэн байсныг эсэн мэнд олсон байна. Мөн цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Цээл, Заамар, Эрдэнэсант гэх сумдад цахилгаан тасарчээ. Цасан шуурга өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үргэлжилнэ гэж УЦУОШГ-аас анхааруулж байна.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: "Нарантуул" олон улсын худалдааны төвд энэ сарын 03-ны шөнө 03.00 цагийн үед гал гарч эхэлсэн бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газрын 10 дугаар анги эхний дуудлагаар очиж ажилласан. Мөн нэмэлтээр долоон ангийн 100 гаруй албан хаагч оролцож байж уг галыг унтраасан юм. Гал тус захын торго бөс барааны хэсэгт гарсан. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг хараахан тодруулж дуусаагүй байгаа аж. Ямартаа ч Торго бөс барааны хэсгийн 127 лангуу шатаж 176 хохирогчтой, 4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Харин зах нь дөрөв дэх удаагаа галд өртөж, багагүй хохирол амсаад байгаа “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу энэ удаад галаас үүдэлтэй худалдаачдын хохирлыг барагдуулахгүй гэЖ мэдэгдэв. Тэрбээр нэг ч түрээслэгчтэй гэрээ хийгээгүй, өмнө нь хийж байгаа ч үгүй. Би үргэлж худалдаачдад бараагаа битгий гадаа тавьж бай гэж хэлдэг байсан” гэлээ. Түүний хувьд өчигдөр маш их бухимдалтай байсан. Түүнийгээ ч нийгмийн сүлжээнд нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлсэн билээ. Тус захад гарсан дөрвөн удаагийн гал болгон үүрээр гардаг болохоор Ш.Сайхансамбуу түймрийг хэн нэгэн санаатай тавьсан, явуулга гэж үзэж байна. Өчигдрөөс эхлэн Ш.Сайхансамбуу БЗД-ийн Цагдаагийн I хэлтэст очиж, мэдүүлэг өгөх болжээ.
ОНЦЛОХ ОНИГОО: ХҮН-ынхан хоёр талд хуралдаж бие, биенээ даргаар томилж буцааж огцруулсан 7 хоног өнгөрч байна. Юу, юунд ч хүрээгүй байж ийнхүү хоёр хуваагдан хонь, чоно шиг үзэлцэж буй ХҮН-ын нэр хүнд өөрсдөөс нь болж навс унав. Өнгөрсөн лхагва гаригт Б.Найдалаагаар удирдуулсан ХҮН-ын Төв хороо хуралдаж намын дарга С.Ганбаатарыгаа огцруулсан. Гэтэл ХҮН-ын дарга С.Ганбаатар тэдний уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж уржигдар дахин төв хорооны хуралдааныг зохион байгуулж намын даргаар сонгогдсон Б.Найдалааг ажлаас нь чөлөөлсөн юм. Ингээд өөрөө даргаараа үлдсэн гэсэн үг. Ийнхүү хоёр биенийхээ дээр давж гарахаар улайран зүтгэж буй залуус нам дотроо үүссэн асуудлаа Дээд шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна. Хоёр биенээ үгүйсгэн, огцруулж буй дарга нар болох С.Ганбаатар, Б.Найдалаа нар төв хорооны гишүүдээ хоёр хуваан “Манай талд олон гишүүн бий” хэмээн ярьж байгаа билээ.
ОНЦЛОХ МЭДЭГДЭЛ: Засгийн газрын хуралдаанаар орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгон бууруулах журмыг баталснаа өчигдөр мэдэгдлээ. Уг журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алсагдсан гурван дүүрэг, орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд таван хувийн хүүтэй зээл олгох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотод 18 450 айл өрх 8 хувийн зээлээс 5 хувь руу шилжин орох боломжтой боллоо. Ингээд иргэд 5 хувийн зээлээр орон сууцаа авах боломж нээгдэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)