Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, өнөөдөр /2016.03.03/ хэвлэлийн бага хурал зохион байгуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Уг мэдээллийг тус байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан хийсэн юм. Тэрээр мэдээллийн эхэнд байнгын хороо дээрх хугацаанд нийт 25 удаа хуралдаж, 96 хууль, 10 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна гээд эдгээр өргөн баригдсан хууль, тогтоолын төслийг хэлэлцэн батлуулах явцдаа хэлэлцэх эсэхийн 22 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 34 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 16 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 250 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн. Түүнчлэн Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хороо болохынхоо хувьд улсын төсвийн асуудлыг бүтэн жилийн турш хэлэлцдэг тогтсон байнгын дэглэмтэй. Тухайлбал, намрын чуулганаар ирэх оны төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэж батлуулдаг бол хаврын чуулганаар улсын төсвийн бодлого зорилтыг тодорхойлсон Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцдэг. Энэ хүрээнд өнгөрсөн намрын чуулганаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, батлуулсан нь тус байнгын хорооны үндсэн ажил боллоо гэдгийг онцолж байсан.
Дараа нь тэрбээр төсөв гэдэг бол төрийн эдийн засаг, санхүүгийн бодлогуудыг зангидсан том асуудал учраас төсвийн хүрээнд олон асуудал цогцоороо шийдвэрлэгддэг онцлогтой. Ийм ч учраас төсөвтэй холбоотойгоор олон хууль, тогтоолд өөрчлөлт оруулж байдаг юм гээд тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлж батлуулсан хууль тогтоомж, байнгын хорооноос хийсэн бусад ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Уг мэдээллээс Байнгын хорооны тайлант хугацаанд батлуулсан бие даасан хуулиудын талаар танилцуулвал:
1.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай
Монгол Улсын төсөвт 2016 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 5,032.5 тэрбум төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2016 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8.4 тэрбум төгрөгөөр баталсан. Монгол Улсын төсвөс 2016 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,920.1 тэрбум төгрөгөөр баталсан.
2.Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай
Нийгмийн даатгалын санд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмээг 1,651.5 тэрбум төгрөгөөр, тус сангаас зарцуулах зардлын хэмжээг 1,707.1 тэрбум төгрөгөөр, үүний дотор Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 25.1 тэрбум төгрөгөөр баталсан.
3.Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай
Хүний хөгжил сангийн төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, үүний арьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 267.6 тэрбум төгрөг байхаар, тус сангийн төсвөөс ирэх онд зарцуулах зарлагын хэмжээг 221.1 тэрбум төгрөг байхаар баталлаа. 2016 онд төсвийн жилд шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 171.0 тэрбум төгрөг хүртэл, урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгагдсан улсын төсвийн орлогын дүнгээр улсын төсөвт өгөх өглөг үүсгэх хэмжээ 87.6 тэрбум төгрөг байхаар тооцож баталсан.
4.Ирээдүйн өв сангийн тухай хууль
"Хүний хөгжил сан"-г олон улсын баялгийн сангийн туршлагад нийцүүлэн хуримтлалын сан болгон зохион байгуулж уул, уурхайн орлогыг зүй зохистой ашиглах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах арга хэрэгсэл болгон шинэчлэх зорилгоор ирээдүйн өв санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн өгөөжийг хуваарилах, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. Сан нь Монгол Улсын бүх ард түмний өмч байх бөгөөд тус сангийн хөрөнгийн удирдлагыг төрийн өмчит мэргэжлийн корпораци хэрэгжүүлэх юм. Корпорацийн удирдлагыг хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах боломжийг олгох механизм, хөшүүргийг хуульчлан баталлаа.
5.Гааль, татварын албаны эрх зүйн байдлын тухай
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулан Гаалийн тухай болон Татварын ерөнхий хуулиар зохицуулагдаж байгаа удирдлагын заалтыг нэгтгэж тус байгуулагын гүйцэтгэх чиг үүргийг тусган тус тус батлуулжээ.
Энэхүү мэдээллийн дараа байнгын хорооны дарга Ч.Улаан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сүүлийн үед Засгийн газар гаднаас бонд босгох, зээл авах тухай асуудал яриад байгаа. Энэ нь өрийн таазтайгаа хэр уялдсан бэ?
-Засгийн газар гадны зах зээл дээрээс хуулийн хүрээнд хямд эх үүсвэр татах бололцоотой. Хамгийн гол нь үр ашигтай эх үүсвэр татах хэрэгтэй. Дотоодын зах зээлээс өндөр үнэтэй эх үүсвэр татах нь эргээд улс орны эдийн засагт хүндрэл авчирна. Иймд хэрэгжилтийн байдалд Төсвийн байнгын хороо хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар хэд хэдэн эх үүсвэр гаднаас хөөцөлдөж байгаа юм билээ. Үүний хэрэгжилт нийтэд зарлах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ер нь эхний улиралд төсвийн цаг зуурын дутагдлыг арилгахын тулд гадаад дотоодын зах зээлээс мөнгө босгох явц бол байдаг үзэгдэл.
-Өнгөрсөн хоёр жил “бүсээ чангалах” тухай ярьж ирлээ. Байнга ийм чиглэл рүү явах нь хэр оновчтой вэ. Оюутолгойн мөнгө манай улсын эдийн засагт орж ирснээр сэргэх хандлага ажиглагдах уу?
-Хямралын нөхцөлд дээд зэргээр хэмнэлттэй, хяналттай, үр ашигтай зарцуулалт хийх ёстой. Гэхдээ хэмнэлттэй байна гэдэг нь хийх ёстой ажлаа хийхгүй, төрийн үйлчилгээг гүйцэтгэхгүй байна гэсэн үг биш. Харин үр ашигтай бага зардлаар их ажил хий гэсэн үг. Энэ шаардлага ойрын 2-3 жил үргэлжилнэ. Эдийн засгийн нөхцөл байдал “өргөс” авсан шиг арилна гэж байхгүй. Тиймээс ойрын жилүүдэд хүсэл эрмэлзлээ хязгаарлах шаардлага өндрөөр тавигдах болно. Оюутолгойн ажил эрчимжвэл шууд бус замаар төсөвт эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тус төсөлд ажил үйлчилгээ нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, тэр хэрээр төсөвт нийлүүлэх мөнгө нэмэгдэх юм.
-Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд татварын орлогын бүрдүүлэлтийн механизмыг оновчтой болгоход анхаарч ажилласан гэж та тайлангийн үеэр хэлсэн. Тодруулбал, ямар зохион байгуулалтын ажил хийсэн гэж ойлгох вэ?
-Төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал бол онцгой асуудал. Улс орны санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн баталгаа төсвөөр дамжиж хэрэгждэг. Тиймээс төсвөө бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Өмнө нь оногдуулсан татвараа бүрэн дүүрэн төвлөрүүлэхэд анхаардаг байсан. Энэ оноос нэлээд хэдэн өөрчлөлтүүд орсон. Ялангуяа үйлдвэрлэгчид, татвар төлөгчид шударгаар ажиллаж, татварынхаа баазыг өргөтгөх бололцоог чөлөөтэй нээсэн. Нөгөөтэйгүүр ард иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлсэн. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчид татварын бүрдүүлэлтэд хяналт тавих, оролцох оролцоо нэмэгдэж байгаа зэрэг шинэ механизм хэрэгжиж байна.
-Төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдсэн үү?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын төсөвт тодотгол хийх нөхцөл байдлыг тодорхой зааж өгсөн байдаг. Тодорхой нөхцөл бүрдсэн үед тодотгол хийдэг. 2016 он гараад 2 сар өнгөрч байна. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй. Ер нь бол зайлшгүй тодотгол хийх шаардлага ойрын үед үүснэ.
-Хүүхдийн мөнгө дутуу олгогдсон. Хэзээ гүйцээж олгох юм бол?
-Төсвийн санхүүжилтын байдал туйлын хүнд байна. Төрийн дансны үлдэгдэл ихээхэн хурдацтайгаар хомсдож байгаа. Нэг, хоёрдугаар сар ер нь их хүнд сар байдаг. Яагаад гэвэл, оны эхэнд орлого төвлөрүүлэлт амаргүй байдаг. Орлогын төвлөрүүлэлтийн нэгдүгээр сарын байдлыг харвал орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдсэн. Хоёрдугаар сард орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Үүнээс шалтгаалж зарим санхүүжилтыг хугацаанд нь олгоход хүндрэл үүссэн. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг энэ 7 хоногт багтаж олгохоор Сангийн яам ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Засгийн газар энэ хэмжээний эх үүсвэрийг хугацаанд нь олох ажлыг зохион байгуулах бололцоотой.
Сэтгэгдэл (4)