Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл өглөө.
Засгийн газрын хуралдаанаар ирэх долдугаар сарын 15-16-ны өдөр манай улсад болох Ази, Европын дээд хэмжээний АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах ажилтай холбогдуулан хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, тус наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор аймаг, сум, бүсийн баяр наадам, уралдааныг долдугаар сарын 15-25-ны өдрийн хооронд зохион байгуулах тогтоолыг гаргажээ. Харин Улсын их баяр наадам долдугаар сарын 11-13-ны өдрийн хооронд болдгоороо болох аж.
Энэ оны 7 дугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 53 орны төр, засгийн тэргүүн оролцохоор саналаа ирүүлсэн байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын 800 орчим сурвалжлагч, сэтгүүлч ажиллана.
Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг 7 дугаар сарын 11-15 гэж заасан байна. Энэ нь дээрх хугацаанд нийслэлийн ачааллыг зарим талаар бууруулах ач холбогдолтой бөгөөд аймаг, дүүрэг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг энэхүү уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс гаргажээ. Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэн яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)