УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрсөн 7 хоногийн хамгийн анхаарал татсан асуудал болох цэцтэй холбоотой асуудлаар, “Цэц тунгалаг байдлаа алдсан. Хангалтгүй ажилласан нь үнэн. Гэхдээ Ж.Амарсанааг огцруулах асуудал нь хууль зөрчсөн тул ээлжит бус чуулганы хуралдаанд оролцоогүй” гэсэн юм.
Тэрбээр мөн “Тайлант хугацаанд бие даагчид хөрөнгө оруулалтын ажлууд хийсэн 300 аж ахуйн нэгжийн 500 тэрбум төгрөгийг ямар нэг хэлбэрээр олго гэсэн шаардлага тавьсан. Мөн цалин тэтгэвэр нэмэх шаардлага тавьсан ч нэмээгүй. Цалин тэтгэвэр нэмэх мөнгө бий юу гэвэл бий. Оюутолгойгоос энэ мөнгийг босгох бололцоотой. Оюутолгойн гадагш гаргах эрдэс баялгийн түүхий эдийн хэмжээ нэмэгдсэн ч валютын ханш өссөөр байгаа нь дотоодод валютаа шингээхгүй байгаатай холбоотой” гэлээ.
Түүнчлэн хаврын чуулганы хугацаанд төдийлөн олон хуулийн төсөл батлах бололцоо бүрдэхгүй гэж тэрбээр үзэж байна. Иймээс хаврын чуулганы үеэр цаг хугацаандаа баталдаг 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны төсвийн төсөөлөл зэрэг хуулиудыг эхний хагас жилдээ батлах ёстой гэв.