14.00 цагт эхлэхээр товлогдсон УИХ-ын ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйгээс болж хуралдаж чадахгүй байсаар байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд нийт 37 гишүүн байгаа юм. Ирц бүрдэхэд хоёр гишүүн дутаад байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийг чуулганы хуралдаа ирц суухыг уриалаад, УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, мөн бие даагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарын нэрийг дуудаж, ажилдаа шалтгаангүйгээр ирэхгүй байгааг сануулав.
Одоо УИХ-ын гишүүд ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан үг хэлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ганбат "Энэ өдрийг ингэж алдаж байгаа нь харамсалтай байна. Парламент дахь бусад бүлгүүд бодох хэрэгтэй. Шаардлагыг нь биелүүлчихээд байхад хуралдаа суухгүй байна. Одоо яах гээд байна вэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын 12 ийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Эртхэн хэлэлцээд шийдмээр байна" гэлээ.
Мөн УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-26-нийг хүртэл зарлан хуралдуулах захирамж гаргасан. Тэр үеэс УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүрэн сууж байна, МАН, МАХН-аас тавьсан шаардлагын дагуу. Тус нам эвслийн бүлгийн зүгээс “Ирц бүрдсэний дараа ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно гэж шаардлага тавьсан. Тийм учраас ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 18-н хүртэл түр хойшлуулж өгөөч, гадаадад ажиллаж байгаа гишүүдээ дуудъя гэсэн. Ардчилсан намын бүлгийн 35 гишүүн сууж байна. Нам, эвслийн бүлгээс тавьсан шаардлагыг биелүүлсэн, орж ирнэ гэж бүлгийн удирдлага нь хэлсэн. Бусад намуудыг хуралдаа орохыг уриалж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Монгол улсад нэг л эрх ашиг байх ёстой. МАН худалч байна. Харамсалтай байна. УИХ-ын гишүүн болохдоо өргөсөн тангарагаа санах хэрэгтэй. Ийм хоцрогдсон, хариуцлагагүй байж болохгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Батцогт мөн энэ заалны тал нь шахуу ард түмэндээ хайртай гээд шоволзоод байдаг. Гэтэл яг чухал үед төрийн ажлыг гацааж болохгүй. Барилгын хууль ярих гэж байхад барилгын сайд нь байдаггүй гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (25)