МоАХ-ны 26 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбоотойгоор АН-ын дарга З.Энхболд, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Баттулга нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд улс төрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйгээс хойшилсоор байна. Нөхцөл байдлыг та юу гэж харж байгаа вэ?
-Энэ УИХ-ын үед УИХ-ын гишүүдийн хариуцлага улам дордсон. Өглөө УИХ цагтаа эхэлдэггүй. Хэлэлцэж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Өглөө хуралдаа ирэх ёстой, цалингаа авч байгаа. Үүнийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. 26 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж ес дахин өслөө. Үүнийг олж харахгүй, Монгол Улс улам ядуурсан гэх улс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн юм. Бид сайн зүйлээ ярьдаггүй болоод удаж байна. Сайн зүйл зөндөө байгаа. Шударга ёс байна, авлигатай тэмцэж байгаа. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёсыг бүрдүүлж чадаагүй гэж үздэг хүмүүс байна. Өнгөрч буй 26 жилийн дотор бид АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүй. Гэхдээ бид 1990 оноос өмнө ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр ярьж чаддаг болж байгаа. Одоо төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор таван намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна. Өнгөрсөн 26 жилд АН-д дангаар нь засгийн эрх барих боломжийг монголын ард түмэн өгөөгүй байна. Өнөөдөр АН-ын гадаадад томилолттой байгаа нэг гишүүнээс бусад нь бүгд оролцсон. Гэтэл МАХН, МАН-ынхан хуралдаа суусангүй. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдааанаар Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг унших ёстой. Хэрэв ирц бүрдсэн бол дээрх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Ирц бүрдэхгүйд хүрвэл эдгээр хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болоод байна шүү дээ. Түүнээс гадна Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль гээд маш олон дэвшилттэй хуулийг гаргах гэхээр хуралдаа сууцгаахгүй юм. Гишүүд хоёрдугаар сарын үлдсэн хоногуудад төлөвлөсөн ажлаа ээлжит бус чуулганаар хуралдаад дараа нь тойрогтоо очиж ажиллах хэрэгтэй. МАХН-ынхан тойрогтоо очоод Н.Энхбаярыг шадар сайд болгоогүй болохоор хуралдаа суусангүй гэж иргэдэд ярьж явах уу. Энэ өөрсдөд нь хүндрэлтэй асуудал биш үү.
-ҮХЦ-ийн дунд суудлын шийдвэр гарчихаад байхад ҮХЦ-ийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчсөн асуудал гэж гишүүд хэлж байна. Хууль зөрчиж энэ асуудлыг хэлэлцэх гэж улайраад байгаа юм биш үү?
-ҮХЦ-ээс УИХ-ын баталсан хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг нь хүчингүй болгосон. Жишээ хэлэхэд, Х.Тэмүүжингийн хууль гарахаас өмнө хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоодог байсан. Харин Х.Тэмүүжингийн хуулиар эрх бүхий байгууллага тогтооно гэсэн байгаа. Аль аль нь хүчингүй болсон тул ҮХ-д зааснаар хууль зөрчсөн гэдгийг УИХ өөрөө шийдээд явна. ҮХЦ-ийн дарга чинь хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлснийхээ төлөө огцрох гээд байгаа юм шүү дээ. Хуулийг хүчин төгөлдөр гэдгийг УИХ л хэлэх ёстой. ҮХЦ-д ийм эрх байхгүй. Ийм алдаанаас бол Ж.Амарсанаа огцрохдоо тулсан.
-Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзэж Засгийн газарт энэхүү бичгийг илгээсэн гэсэн. Шадар сайдад Н.Энхбаярыг өргөн мэдүүлэх боломжгүй болж байгаа гэсэн үг үү?
-Ерөнхий сайдаас энэ асуудлыг асуух хэрэгтэй. Хэрэв тэр бичигт өргөн мэдүүлж болохгүй гэсэн бол болохгүй л байх. Болохгүй юмыг болго гэж АН-ын бүлгийг шантаачилж болохгүй шүү дээ. Бид хуулиа дагах ёстой.
-Таныг УИХ-ын гишүүдтэй дээрэнгүй харьцаж, тэдний эрхэнд нь халдаж байна хэмээн УИХ-ын гишүүд гомдол мэдүүлж байгаа.
-Огт үндэслэлгүй. Ерөнхий сайдыг огцруулдаг шиг намайг огцруулна гэж байхгүй. Би угаасаа ийм ааштай хүн. Ааш зангаа өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Цагтаа ирдэггүй хүмүүстэй хариуцлага ярихаар урдаас өрвөлзөөд байх юм.
-АН 2016 онд МАХН-тай эвсэж сонгуульд оролцох асуудал яригдсан уу. МАН, МАХН-ууд нэгдэхээр ярилцаж хамтдаа хуралд орж ирэхгүй байна гэсэн байна?
-АН 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Эвсэх ч үгүй. Харин УИХ-д суудалтай жижиг намууд манай намд нэгдэж болно. МАХН-д нэгдэх урилга явуулаагүй. Нэгдэх ч үгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байна. Бид 76 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна, 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна гэх мэтээр хийх ажил зөндөө байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (19)