УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд хаалттай хуралдлаа. Тус хуралдаанд бүлгийн гишүүдээс гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй тус намын нарийн бичгийн дарга нар оролцсон аж.
Бүлгийн хуралдаанаар ирэх пүрэв гариг хүртэл хойшилсон ээлжит бус чуулганы талаар хэлэлцэж, гишүүд санал солилцжээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт "Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж буй улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй. МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэдэг байр сууриа хатуу барина" гэв.
Т.Энхэлээ