ХҮН-ын дарга С.Ганбаатар Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийн төлөө Ээлжит бус чуулган зарлаж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийв.
Тэрбээр Цэцийн асуудлаар улс төржилтийг зогсоож, хуулиа барьж ажиллах, асуудалд нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа аж. Мөн ойрын хугацаанд гурван хуулийн төсөл санаачилж өргөн барихаар төлөвлөөд байгаагаа хэллээ. Эдгээр хуулиуд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болох, хайгуулын нэгж талбайд хийх хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмэх, гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болох, тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон бол хүчингүй болгох, ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны талбараар орлуулдаг байдлыг зогсоох, газрын кадастрын бүртгэлийг боловсронгуй болгож, солбицлын давхардал хийдлээс үүсдэг хүнд суртал зөрчлийг арилгах гол зорилготой юм байна.
-Танай намын дотооддоо зөрчилтэй байх шиг байна. Дэд дарга намаасаа гарах өргөдөл өгсөн сурагтай. Энэ талаар хариулахгүй?
-Манай нам итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон зуун гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг даагаад явж байгаа. Ард түмэндээ ашигтай намууд гарч ирэхэд бодлогоор унагаах, хутган үймүүлэх бүлэглэлүүд байдаг. Манай намын хувьд дотоод асуудалдаа эв нэгдэлтэй, ил тод байгаа. Зарим нэг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг удирдах зөвлөлөөрөө шийдээд явж байна. Шинэ нам руу бодлогоор янз бүрийн хүмүүсийг оруулаад, янз бүрийн мэдэгдэл хийж гаргадаг үйлдэл практик манай улс төрд байдаг. Ийм оролдлого байхыг үгүйсгэхгүй.
-Нийслэлийн ХҮН-ын дарга албан тушаалаа өгнө гэсэн яриа гаргасан ?
-Энэ бол манай намын дотоод асуудал. Дотоод асуудлыг шийддэг, шалгадаг хуультай улс, манайх. Ямар нэгэн гомдогч орж ирээд янз бүрийн юм яриад явна гэдэг өөр бүлэглэлүүдээс орж ирсэн бууны нохой гэж хардахыг хүсэхгүй байна. Тиймээс бид дотроо ярилцаад, асуудлаа шийдээд явна.
-ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлсэн татснаар ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-Цэцээр хазаарлуулах ёстой УИХ нь өөрөө зарим нам биш бүлэглэлүүд нь улангасан дайрч сольдог байдал ард иргэдийн онцгой эрхэд халдаж байна гэж үзэж байна. Үндсэн хуулийг батлахдаа мөнгөнөөс цэвэр байсан үед баталсан. Сонгууль дөхсөн энэ цаг үед Цэцийн гишүүд нь хууль дүрмийнхээ дагуу солигддог байх хуулиа барих хэрэгтэй. Бүлэглэлүүд одоо Цэцийг кармаандаа хийх гэж байна. Дээрээс нь Цэцийн гишүүнийг солих гэж байгаа үндэслэл нь өөрөө хэд хэдэн хууль зөрчсөн.
Сэтгэгдэл (7)